Украины нөхцөл байдал “амаргүй” байгааг АНУ-ын элч нарт Путин хэлэв

Т.Давааням, ikon.mn
16 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын элч нар Бямба гарагт Москвад ирж, Украины дайныг дуусгах асуудлаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзжээ.

Кремлиэс нийтэлсэн дүрс бичлэгт Стив Виткофф, Жаред Кушнер нарыг Путин угтан авч байгааг харуулсан байна.

Энэ үеэр тэр Украины нөхцөл байдал “тийм ч амар биш” байгааг мэдэгдээд Орос улс “нөхцөл байдлыг хэрхэн харж байгааг тайлбарлах болно” гэж хэлжээ.

Виткофф гурван өдрийн хугацаанд Украинтай харилцан нэгнийхээ нийслэлд довтлохгүй байх нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн Путинд талархал илэрхийлсэн байна.

Трампын элч нар өнөөдөр буюу Мягмар гарагт Киев хотод айлчилж, Украины эрх баригчидтай уулзах юм.

Баасан гарагт Трамп өөрийн элч нарыг “Украины дайныг дуусгах саналтай” Москвад айлчлах гэж байгааг мэдэгдэж байв.

Өнгөрсөн хугацаанд тэд хэд хэдэн удаа ийм санал танилцуулсан ч үр дүнд хүрээгүй юм.

Бямба гарагийн уулзалтын үеэр Путин “ямар ч тохиолдолд, юу ч болж байсан ийм холбоо харилцаа үргэлж ашигтай байдаг нь эргэлзээгүй” хэмээн АНУ-тай хийж буй яриа хэлэлцээгээ сайшаагаад Трампын энхийг сахиулах хүчин зүтгэлд талархал илэрхийлжээ.

Москвагийн төвд байрлах Путиний албан өргөөнд болсон хаалттай уулзалт гурван цаг үргэлжилснийг Оросын төв хэвлэлүүд мэдээлсэн байна.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский “Бид Стив Виткофф, Жаред Кушнер нарыг хүлээж байгаа бөгөөд бодитой яриа хэлэлцээг хийхэд бэлэн байна” гэж өчигдөр мэдэгджээ.

“Одоогоос эхлэн Бямба гарагийг дуустал, бас Ням, Даваа гараг хүртэл бид Москвад довтлохоо зогсооход бэлэн байгаа бөгөөд Оросын тал Киевийн талаар адил арга хэмжээ авна гэдэгт найдаж байна” гэж тэр хэлсэн юм.

Харин Украины нийслэлээс бусад хэсэгт агаарын цохилтоо зогсоохоор тохиролцоогүйг Путин мэдэгдсэн байна.

Виткофф, Кушнер нар өмнө нь хэд хэдэн удаа Москвад айлчилж байсан бол анх удаагаа Киевт очих гэж байгаа юм.

Тэд Москвагаас хэрхэн Киевт хүрэх нь тодорхойгүй байна.

Дайн эхэлсэн цагаас хойш Украин улс агаарын орон зайгаа хаагаад байгаа.

АНУ-ын элч нарыг ирэхийн өмнөхөн Оросын тал Киевийн болон түүний ойролцоох Бориспалийн нисэх буудлуудад “үзүүлбэр” маягийн агаарын цохилт өгснийг Зеленский мэдээлжээ.

“Нисэх онгоцны буудлуудад өгсөн Оросын эдгээр цохилтууд нь АНУ-ын элч нарыг энхийн яриа хэлэлцээний зорилгоор Украинд газардаж магадгүй болсонд үзүүлж буй хариу үйлдэл гэдэг нь тодорхой” гэж тэр хэлсэн байна.

 

Эх сурвалж: BBC