СУРВАЛЖИЛГА: "Өөрийгөө завгүй байлгаж байж архинаас холдох юм байна. Найзуудыгаа бүгдийг нь өөрчилнө"

Н.Эрхбаяр, iKon.mn
8 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Төв аймгийн Баян суманд Согтуурах, Мансуурах Донтой Өвчтөнийг Албадан Эмчлэх, Албадан Хөдөлмөр Хийлгэх Газар (СМДӨАЭАХХГ) байдаг.

Энэ газарт анх удаа ирж буй хүнийг 3-6 сар, давтан ирвэл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар албадан эмчилгээнд хамруулдаг. Сум, хорооны цагдаагийн тодорхойлолт, ар гэрийн болон өөрийн хүсэлт, эмнэлгийн байгууллагын албан ёсны тодорхойлолтод үндэслэн шүүхийн шийдвэрээр ирэх учиртай.

Шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд ирсэн хүний даралт өндөр, салгалж чичирсэн байдалтай байдаг тул эхний ээлжид архины хордлого тайлах эмчилгээ хийнэ. Дараа нь шинжилгээ авч эрүүл мэндийн ямар эмгэгтэйг тогтоож, архины дуршил бууруулах эмчилгээ явуулдаг байна. Согтуурах оношоор ирсэн хүн эхний хоёр долоо хоногийн хугацаанд эрүүлжиж, архи биеэс нь бүрэн гардаг ч өөрийгөө донтох эмгэгтэй гэдгийг бүрэн хүлээн зөвшөөрдөггүй аж.

Ирээд нэг сарын дараа өөрийгөө согтуурах донтой гэдгээ хүлээн зөвшөөрч сэтгэл санаагаар унаж эхэлдэг байна. Энэ үед сэтгэл зүйн тусламж үзүүлж, ном уншихыг зөвлөдөг. Улмаар хоёр сарын дараа архи уувал эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд ямар хохирол учирч болох талаар ойлголт авдаг. Гурван сарын дараагаас нийгэмд гараад амьдрал ахуйгаа төвхнүүлэхэд нь зориулж хөдөлмөрийн дадал олгох сургалтыг ордог аж. Тодруулбал гагнуурчин, барилгын засал чимэглэлийн чиглэлээр 30-40 хүнийг сургадаг гэв.

Өнөөдрийн байдлаар 61 хүн эмчлүүлж байгаагийн 58 нь архины хамааралтай, гурав нь мансууруулах бодисын хамааралтай хүн байгаа юм. 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж мансууруулах бодисын хамааралтай хүмүүсийг өөрийн хүсэлтийн дагуу хүлээн авч, гурван сарын хугацаатай эмчилж эхэлжээ.


"Гараад хүн шиг амьдарна гэдэгтээ итгэлтэй болж байгаа. Залуучууд минь архинаас хол байж, амьдралаа зөв авч яваарай"

зураг
 

Тус газарт ирээд гурван сарын хугацаанд хэвтэн эмчлүүлж буй нэгэн хүн сэтгэгдлээ хуваалцлаа. 

Тэрбээр "Би 20 жилийн өмнөөс архи ууж эхэлсэн. Ийм газар байдгийг сонсоод анх удаа эмчлүүлэхээр ирээд гурван сар боллоо. Анх ирэхэд маш их хордлоготой, заримдаа татаж унадаг байсан. Ирээд хордлого тайлах шингэн хийлгүүлээд араас нь дуршил буулгах эмчилгээнд орсон. Эмчилгээ сайн байгаа. 

Би архичин болоогүй, өнөөдөр уусан ч маргааш уухгүй гэсэн бодолтой явсаар иймэрхүү байдалд хүрчихсэн. Архийг бага уусан, их уусан ялгаагүй архичин болно гэдгийг би өөрийнхөө амьдралаар харсан. Өөрийгөө завгүй байлгаж байж архинаас холдох юм байна. Архи ууснаас хойш үр хүүхдэдээ ч муу нэртэй болсон. Алдсан бүхнээ эргүүлэн олж авна даа.

Манай гэр бүлийнхэн эргэж ирэхэд үр хүүхдэдээ "аав нь иймэрхүү байдалтай, сайхан эмчилгээ хийлгэж байгаа, гараад ямар ч асуудал гаргахгүй" гэж амлалт өгсөн.

Найзуудыгаа бүгдийг нь өөрчилнө. Өөр найз нөхдөөр хүрээлүүлж амьдарна гэж бодож байгаа. Энд эмчлүүлж байгаа хүмүүс ямар алдаа гаргаж явснаа ярилцдаг. Гараад хүн шиг амьдарна гэдэгтээ итгэлтэй болж байгаа. Залуучууд минь архинаас хол байж, амьдралаа зөв авч яваарай" гэв.


"Нийгэмд гараад орчноо өөрчлөхгүй бол дахиад архи уугаад эхлэх магадлалтай"

Өнөөгийн байдлаар тус газар нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх дөрвөн байртай ч ажиллах хүчний хүрэлцээгүйн улмаас гурван байранд хүлээн авч байгаа юм. Эмэгтэй хүмүүсийг тусад нь ягаан өнгөтэй байранд байрлуулдаг бөгөөд согтуурах оноштойг нь 9, 6-аар нь хуваан хоёр өрөөнд оруулжээ. Харин мансуурах оноштой нэг хүнийг тусад нь өрөөнд оруулсан байна. Эрэгтэйчүүдийн хувьд харьцангуй засвар хийсэн шинэ байранд 4-5-уулаа байрладаг аж. 

Эмчлүүлэхээр ирсэн хүмүүст ижил өнгийн хослол цаанаасаа өгнө. Бусад хэрэглээний зүйлсээ өөрсдөө авч ирдэг. Тэдний нэг өдөр өглөөний 06:30 цагт эхэлнэ. 07:00 цагаас өглөөний цай өгдөг учраас бүгд хувийн бэлтгэлээ хангасан байх ёстой. Өдөр 12:00 цагийн үед нэг, хоёрдугаар хоол, 18:00 цагт оройн хоол өгдөг аж. 

Өглөөний цайгаа уугаад өдрийн хоол хүртэлх хугацаанд чөлөөт цаг эхэлнэ. Энэ үед дуртай номоо унших, гадна талбайд сагсан бөмбөг, гар бөмбөг тоглох, телевизор үзэх боломжтой. Үдийн хоолны дараа сэтгэл зүйн сургалтууд орж эхэлдэг. Харин долоо хоног бүрийн Лхагва гарагт урлаг зааланд соёлын арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ үеэр хоорондоо танилцан авьяасаа үзүүлж, дуу хуур бүжиг наадам болно. 

Ар гэрээсээ хол, тодорхой хэмжээнд эрхээ хасуулж амьдарна гэдэг амар биш. Хэвтэн эмчлүүлэгчид болон тус газрын алба хаагчид ийнхүү ярьж байна.

зураг
 

- Эмчлүүлэгч: Намайг хүчээр авч ирсэн, урьдчилж хэлээгүй, шинжилгээ өгнө гэж хэлээд гарын үсэг зуруулаад шууд ирчихлээ. Гэртээ харимаар байна.

- Алба хаагчид: Бүх зүйл шүүхийн шийдвэрийн дагуу явагддаг. Ар гэрийн хүсэлт болон эмнэлгийн албан ёсны тодорхойлолтыг үндэслээд шүүхийн шийдвэр гарч эмчлүүлэхээр ирдэг. Зарим нь шүүх хурлын үеэр эрүүл болоогүй байдаг учраас яагаад ирсэн учраа олдоггүй. Ирээд эрүүл болсныхоо дараа иймэрхүү үг үйлдэл гаргах нь энгийн үзэгдэл. Тиймээс сэтгэл зүйн зөвлөгөө маш чухал. 

- Эмчлүүлэгч: Би эх хүн, ядаж долоо хоногт нэг удаа ар гэртэйгээ утсаар ярьж, амар мэндийг нь мэдмээр байна. Бид бараг жирийн дэглэмтэй хорих газарт байгаа юм шиг амьдардаг. Иргэний зарим эрхээ хасуулж байна. 

- Алба хаагчид: Энэ бол хагас дэглэмтэй газар учраас 14 хоногт нэг удаа таван минут утсаар ярих боломж олгодог. 10-аас дээш жил архины хамааралтай байсан хүмүүсийн ар гэр ядаж гурван сарын хугацаанд чих амар байхыг хүсэж наашаа явуулдаг. Олон жилийн туршлагаас харвал энд ирсэн хүмүүс ихэнхдээ ар гэртэйгээ "намайг яах гэж ийшээ явуулсан бэ" гэх маягаар хэрүүл хийх гэж ярьдаг. Тиймээс утсаар ярих давтамж хол байдаг. 

Харин хамгийн хүндрэлтэй зүйл усанд орох, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх юм байна. 14 хоногт нэг удаа эрэгтэй, эмэгтэйгээрээ ялгарч усанд орно.

- Эмчлүүлэгч: Нарийн мэргэжлийн эмч манай газарт байхгүй. Тэгэхээр шаардлагатай гэвэл өөрөөсөө 50-60 мянган төгрөг гаргаад аймгийн төв рүү явна. Шүд өвдлөө гэхэд нарийн мэргэжлийн эмч байхгүй учраас өөрсдөө зардал гаргаж таарна. Сэтгэл зүйн эмчилгээ сайн, харин эм, дусал шингэний хүртээмж хомс. Архины дуршил бууруулах эм өгдөг.

Нийгэмд гараад орчноо өөрчлөхгүй бол дахиад архи уугаад эхлэх магадлалтай. Хоол ундандаа хангалттай цадаж байгаа.


"Ар гэрийн зүгээс архинаас гарсан гэх итгэл өгөх хамгийн чухал. Бид архинаас гаргаад явуулдаг ч нийгэмшүүлэх ажил дутагдалтай байна"

зураг
 

СМДӨАЭАХХГ-ын дарга Д.Баярсайханы ярьж буйгаар "Манай байгууллага 200 ортойгоор батлагдсан. Стандартаараа нэг эмчлүүлэгч 7 м.кв талбай ногдох ёстой. Энэ стандартаар 130 хүн багтана.

Энэ жилээс мансуурах донтой хүмүүсийг хүлээн авч эхэлсэн. Гэхдээ энэ төрлийн донтой хүнийг эмчлэх, хамтран ажиллах мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байна. Мансуурах донтой тэмцэх чиглэлээр мэргэшсэн эмч байж эмчилж чадна. Харин согтуурах донтой хүнд эмчилгээ үйлчилгээ үзүүлж чадах мэргэжлийн хамт олон байгаа.

Мансуурах оноштой ирж буй эмчлүүлэгчдийн нас маш залуужиж байна. Жилд дунджаар 400-500 хүнийг хүлээн авч эмчилгээнд хамруулдаг бөгөөд сүүлийн долоон жилийн судалгаагаар 3,221 хүнийг хүлээн авч эмчилсний 12.02 хувь нь эмэгтэй, 27.3 хувь нь давтан ирж эмчлүүлсэн хүмүүс. Согтуурах оношоор хэвтэн эмчлүүлсэн хүмүүсийн 73 хувь нь 30-50 насны байсан. 

Гэтэл мансуурах оноштой ирсэн хүмүүсийн хамгийн ахмад нь 23 настай. Мансуурах бодис хэрэглэдэг хүмүүсийн дунд 23 нас хөгшиндөө ордог гэсэн. 

Манайд эмчлүүлэхээр ирж байгаа хүмүүсийг ажиглахад ихэвчлэн ар гэрийн асуудалтай байдаг. Нөхрөө уулгахгүй гэж явсаар нэг мэдэхэд эхнэр нь хамт уудаг болчихсон байх жишээтэй. Тиймээс ар гэр нь сэтгэл санаагаар маш сайн тусалж дэмжиж байх хэрэгтэй. Дэлхийн хэмжээнд эм, тариа хэрэглээд архинаас гаргасан жишээ байхгүй. Ар гэрийн зүгээс архинаас гарсан гэх итгэл өгөх хамгийн чухал.

Бид архинаас гаргаад явуулдаг ч нийгэмшүүлэх ажил дутагдалтай байна. Тухайн иргэний оршин суугаа газрын Халамжийн төв нь хүлээж аваад хөдөлмөрт зуучлах, туслалцаа дэмжлэг үзүүлэх нь хэрэгтэй байгаа" гэж байлаа. 


"нэг эмчлүүлэгчид 625 мянган төгрөгийн эмчилгээний зардалтай байхаар баталсан ч яг өнөөгийн байдлаар тооцоход нэг хүнд 70 мянган төгрөгийн эмчилгээ хийж байна"

СМДӨАЭАХХГ-т сайжруулах, шинэчлэх ёстой зүйл олон. Нэг хүнд ногдох эмчилгээний зардал, орон байрнаас эхлүүлээд тав тухтай орчинд сайн эмчилгээ хийхийн тулд улсын төсвөөс мөнгө гаргах шаардлагатай.

Тус төвийг 2003 онд Төв аймгийн Баян сум дахь одоогийн байршилд шилжүүлэн байрлуулсан. Энэ байранд анх орос цэргүүдийг түр байрлуулах зориулалтаар чулуугаар барьж байгуулсан бөгөөд 1950 онд ашиглалтад орж байжээ. Засвар үйлчилгээ хийхэд насжилтаас шалтгаалж цан зохих, хүйтэн дулааны асуудал гардаг байна. Өнөөгийн байдлаар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх дөрвөн байртай ч ажиллах хүчний хүрэлцээгүй улмаас гурван байранд эмчлүүлэгч хүлээн авдаг гэв. 

2019 онд Сангийн сайд, Хууль зүйн сайдын хамтарсан тушаалаар нэг эмчлүүлэгчид ногдох эмчилгээний зардлыг 625 мянган төгрөг байхаар баталсан. Харин өнөөдрийн байдлаар нэг хүнд 70 мянган төгрөгийн эмчилгээ хийж байгаа аж. Гэхдээ байрны тогтмол урсгал зардал, хоолны үнэлгээг хасаад үзвэл нэг эмчлүүлэгч ердөө 35 мянган төгрөгийн эмчилгээг бодитойгоор авч байна. Хэрэв батлагдсан төлбөрөө авч чадвал эмчилгээний чанар харьцангуй сайжирна гэдгийг тус газрын албан тушаалтнууд ярьж байлаа. 

Эмчлүүлэгчдийг хүлээн авах барилга байгууламжийн зураг төсөл бэлэн болсон ч улсын төсөвт мөнгө тусгагдаагүй учраас хойшилсоор байгаа аж.