Ногоон ирээдүйн төлөө оруулсан хөрөнгө оруулалт бүр үнэ цэнтэй
Тэрбум мод сангийн удирдлагууд “Төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, асрамжийн газрын гаднах талбайн ногоон байгууламж” төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэн хэрэгжүүлсэн сургууль, цэцэрлэгүүдийн 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо.
Тухайлбал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэр буюу Бэлхэд 2022 онд байгуулагдсан хотын төвөөс алслагдсан 281-р цэцэрлэгийг Ногоон байгууламжтай болгох төслийг 2023 оноос эхлүүлж, гүйцэтгэгчээр нь “Люксландшафт” ХХК ажиллаж байна.
Цэцэрлэгийн гадна талбайд ургамлан хашлага, гоёл чимэглэлийн 9 төрлийн 612 мод тарьсан нь бүгд ургажээ. 435 м2 талбайг зүлэгжүүлж, 25 м2 талбайд цэцгийн мандал хийж өгсөн нь хажуугаар нь өнгөрөх хүн бүрийн харааг татна. Туршилтын талбайдаа хүнсний ногоо, нэг наст ургамал тарьж, цэцэрлэгийн хүүхдүүдэд танин мэдэхүйн хичээлээ энд зааж хэвшжээ.
Мөн сургалтын зориулалтаар байгуулж өгсөн хүлэмждээ өргөст хэмх, улаан лооль, хулуу тарьсан нь сайн ургаж байна. Арчилгаа хамгаалалт, усалгаагаа гүйцэтгэгч байгууллага болон сангийн ойн инженерийн зөвлөмжийн дагуу тогтмол хийж, хамгийн гол нь санхүүжүүлэн байгуулж өгсөн Ногоон байгууламжаа сургалт, хүмүүжлийн ажилдаа тогтмол ашигладаг болжээ.
Мөн Чингэлтэй дүүргийн 9-р хороо буюу Дэнжийн мянгад байрладаг тус цэцэрлэгийн барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд шинэчилж, 240 ортой болгож хүчин чадлыг нь өргөтгөсөн. Тус цэцэрлэгийг өргөтгөх газрын асуудлыг арайхийн шийдвэрлэсэн ч гадна талын ногоон байгууламжийг төсөв байхгүй гэдэг шалтгаанаар үлдээсэн.
Тэгвэл Тэрбум мод сан 2023 оны 5-р сард цэцэрлэгийн гаднах талбайд ногоон байгууламж хийж өгөх гэрээ байгуулан гүйцэтгэгчээр нь UBT Garden ХХК ажиллаж байна.
Төслийн хүрээнд 700 гаруй мод бут тарьж өгч, 300м2 талбайг нь зүлэгжүүлэн, сургалт хүмүүжлийн ажлаа гадна талбайдаа зохион байгуулах, улмаар хүүхэд тоглоход аюулгүй ногоон орчныг бүрдүүлж өгсөн. Чингэлтэй дүүргийн 43-р цэцэрлэгийн гаднах талбайн ногоон байгууламжийг энэ оны 10-р сард хүлээлгэн өгч, төсөл хаагдана.
Харин Чингэлтэй дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 291-р цэцэрлэг 2021 онд ашиглалтад орсон. 200 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч өнөөдрийн байдлаар 240 хүүхэдтэй хичээлийн шинэ жилээ эхлүүлж байна. Тэрбум мод сангаас санхүүжүүлэн 2026 онд Ногоон байгууламжтай болгох төслийг эхлүүлсэн.
Төслийн хүрээнд 1000 мод, ургамлан хашлага, цэцгийн мандал, сургалтын зориулалттай хүлэмж, 1 тн ус нөөцлөх сав зэргийг нь шийдвэрлэж өгсөн. Гүйцэтгэгчээр нь “Фермер эмэгтэйчүүдийн холбоо” ТББ ажиллаж, 3 жил хариуцан ажиллана. Тус цэцэрлэг нь ногоон байгууламжтай болсноор, гаднах талбайдаа экологийн боловсрол олгох сургалтаа явуулах орчин бүрдэж, улмаар хүүхэд багачууд тоглох тохитой сайхан аюулгүй орчин бүрдээд байна.
Тэрбум мод сан нь 2022 онд байгуулагдаж, 4 жилийн хугацаанд нийтдээ 118 төслийг санхүүжүүлэн, 8,8 сая мод тарьсан нь 90-с дээш ургалтын хувьтай байгаагаас:
- Чиглэл-1 буюу Төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, асрамжийн газрын гаднах талбайг ногоон байгууламжтай болгох төслийн хүрээнд:
Улаанбаатар хотын төвөөс харьцангуй алслагдсан төрийн өмчийн 42 сургууль, цэцэрлэгийн 67 мянган хүүхдийн сурч хүмүүжиж байгаа орчныг модтой, зүлэгтэй, тохилог орчинтой ногоон болгож, сургууль, цэцэрлэг тус бүрд 8 төрлийн 700 гаруй мод, ургамлан хашлага, цэцгийн мандал, сургалтын зориулалттай хүлэмж, ус нөөцлөх сав, хөрсгүй орчинд хүнсний ногоо тарьдаг гидропоник аппарат, агаарын бохирдол ихтэй зарим сургууль, цэцэрлэгийг агаар цэвэршүүлэгчтэй болгож, энэ улсын ирээдүйн эзэд болсон хүүхэд багачуудад давхар экологийн боловсрол олгон Тэрбум мод сан нь төсөв хүрэлцэхгүй байгаа тэр газруудад төрд нэмэлт хүч болон ажиллаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
