ФОТО: Монголын шигшээ баг хоёр дахь тоглолтдоо Фижиг 62 онооны зөрүүтэй бут ниргэлээ
Сагсан бөмбөгийн 5х5 төрлийн 2029 оны Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ)-ий урьдчилсан шатны D хэсгийн тоглолтууд манай улсад үргэлжилж байна.
Урьдчилсан шатанд нийт 18 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөх бөгөөд хэсэг тус бүрээс гурван баг дараагийн шатанд шалгарах юм.
Монгол Улсын шигшээ баг D хэсэгт Тайланд, Вьетнам, Фижи улстай өрсөлдөж байгаа билээ. Тэд өнгөрсөн Баасан гарагт Вьетнамыг 98:64 тооны харьцаатай буюу 34 онооны зөрүүтэй буулган авсан.
Тэгвэл өчигдөр (2026.08.30) Фижи улсын шигшээ багтай тоглож, 102:40 тооны харьцаатай буюу 62 онооны зөрүүтэй бут ниргэлээ. Тус тоглолтод манай улсын шигшээ багийн шилдэг тоглогч Ш.Энхийн-Од оролцоогүй ч гарааны тоглогчид тэгш оноо авалт үзүүллээ.
Тухайлбал төвийн тоглогч Х.Оргил 16 оноо, холбон тоглогч Т.Ууганбаяр 15 оноо, төвийн тоглогч А.Азбаяр 15 оноо, довтлогч А.Энхбаясгалан 10 оноо, хамгаалагч Д.Баясгалан 11 оноо авлаа.
Одоогийн байдлаар Монгол Улсын шигшээ баг D хэсгийг тэргүүлж байгаа бөгөөд өнөөдөр 19:00 цагаас Тайландын шигшээ багтай тоглоно. Энэхүү тоглолтод хожсон нь хэсгээ тэргүүлж, дараагийн шатанд шалгарах юм.
Урьдчилсан шатны дөрвөн хэсгээс шалгарсан нийт 12 баг арваннэгдүгээр сарын 23-наас арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл дараагийн шатанд хоёр хэсэгт хуваагдан тойргийн журмаар өрсөлдөх юм. Шалгарсан багуудаас хэсгийн тоглолтыг зохион байгуулах улсыг тодруулах журамтай.
Хоёр хэсгээс эхний дөрвөн байр эзэлсэн багууд тивийн аваргад оролцох эрхийн төлөө хүч үзэх чансаа өндөр 24 багийн тоонд багтана. Улмаар эрхээ авсан 16 баг нь цомын төлөө өрсөлдөх учиртай.
Фижигийн эсрэг тоглолтын зургуудаас
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
