Д.Даваабаяр: Орон нутаг руу шатахууны нийлүүлэлт тасралтгүй явна. Баян-Өлгий аймаг руу шатахуун хүргээд 6-7 хоног шаардлагатай

Н.Эрхбаяр, iKon.mn
6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шатахууны нийлүүлэлт, хангамжийг сайжруулах үүрэг бүхий шуурхай штабын ээлжит хэвлэлийн хурал өнөөдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд боллоо. 

АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяр "ОХУ, БНХАУ-аас наймдугаар сард захиалсан шатахуун тасралтгүй орж ирсээр байна. Наймдугаар сарын 1-27-ны хооронд Сүхбаатар боомтоор ОХУ-аас 54,890 тонн, БНХАУ-аас 6,000 тонн АИ-92 автобензин импортоор орж ирсэн. 27 хоногийн хугацаанд өдөрт дунджаар 2,285 тонн АИ-92 автобензин орж ирсэн гэсэн үг. 

Улсын хэмжээнд 1,600 орчим шатахуун түгээх станц үйл ажиллагаа явуулдгаас Улаанбаатарт 260 орчим нь бий. Аймаг орон нутгийн алслагдсан байдлаас шалтгаалж тээвэрлэлтэд тодорхой хугацаа шаарддаг. Сүүлийн нэг сарын хугацаанд баруун бүсийн хэрэглээ хангадаг байсан Цагааннуур, Боршоо боомтоор бүтээгдэхүүн орж ирээгүй. Үүнтэй холбоотой баруун бүсийн шатахууны хэрэглээг төвийн бүсээс хангаж байгаа. 

Баян-Өлгий аймаг руу шатахуун хүргээд ирэхэд хамгийн багадаа 3-4 хоног, зарим тохиолдолд 6-7 хоног шаардагддаг. Одоо шатахууны импорт тасралтгүй явна. Орон нутаг руу шатахууны нийлүүлэлт тасралтгүй хийгдэнэ.

Өчигдрийн байдлаар Улаанбаатар хотын 128 шатахуун түгээх станц руу 1,130 тонн АИ-92 автобензин, орон нутгийн 50 гаруй шатахуун түгээх станц руу 550 гаруй тонн АИ-92 автобензиний ачилт хийсэн. 

Өнөөдөр 43 вагон АИ-92 автобензинийг өртөө дээр буулгаж байгаа бөгөөд дууссаны дараа орон нутаг руу түгээнэ" гэв.