П.Зохихсүрэн: Дэлхийн ТОП-100 их, дээд сургуульд тэнцэж, зээл олгох хяналтын тоонд багтсан оюутнуудын санхүүжилт хэвийн олгогдож байна
2026-2027 оны хичээлийн жилд дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд суралцах эрхээ авсан ч Боловсролын Зээлийн Сан(БЗС)-гаас санхүүжилт тодорхойгүй байгаа асуудлаар суралцагчид болон эцэг эхийн төлөөлөл энэ сарын 10-ны өдөр Үндэсний Мэдээллийн Төвд хэвлэлийн хурлыг зохион байгуулж байв.
Тухайн үед суралцагчид болон эцэг эхийн төлөөллөөс наймдугаар сарын 15-ны дотор асуудлыг шийдвэрлүүлэхээр Ерөнхий Сайдад шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдсэн ч одоог хэр нь тодорхой албан ёсны шийдвэр гараагүй байгаа юм.
Иймд сургуульд суралцах эсэхтэй холбоотой энэхүү тулгамдсан асуудлаар Боловсролын Зээлийн Сан(БЗС)-гийн захирал П.Зохихсүрэнтэй ярилцсанаа хүргэж байна.
- Салбарын сайд солигдох бүрд БЗС-гийн журам шинэчлэгдсээр ирсэн нь ажиглагддаг. Энэ нь сангийн үйл ажиллагаанд ямар үр дагавар учруулж байна вэ?
- Нэгдүгээрт бодлогын асуудал байна. Хоёрдугаарт журам шинэчлэгдэхдээ нөхцөл байдлыг илүү тодорхой болгох мөн өмнөх журмын хэрэгжилтийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдэж ирсэн. Ерөнхийдөө алхам тутамдаа сайжруулаад л явж байсан гэж ойлгож болно. Жишээлбэл 2000-аад оны эхээр байгуулж байсан гэрээнүүдийг одоо байгуулж буй гэрээний загваруудтай харьцуулж харвал суралцагч талаасаа иргэний эрх, үүрэг болон хариуцлагын зааг ялгааг илүү тодорхой болгосон.
Гэвч сонгон шалгаруулалтын журам, шалгуур үзүүлэлт зэрэг өөрчлөгдсөнөөр хүмүүст тогтвортой ойлголт үүсгэхэд хүндрэл учруулсан сул тал гарсныг үгүйсгэх аргагүй. Гэхдээ том зургаар харвал төрийн бодлогыг сайжруулах чиглэлд тодорхой хөгжөөд л явж байсан.
- Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр Боловсролын сайдаар ажиллаж байх хугацаандаа буюу энэ оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн А/67 тоот тушаалаараа Дэлхийн ТОП-100 их, дээд сургуульд тэнцсэн суралцагчдад БЗС-гаас олгох зээлийн квотыг 90 орчим хувиар бууруулж баталсан. Уг шийдвэрт нөлөөлсөн гол хүчин зүйл юу байсан бэ?
- Санхүүжилтийн эх үүсвэр хүрэлцээгүй, хязгаарлагдмал байснаас шалтгаалаад тухайн үеийн нөхцөл байдалтайгаа уялдуулж баталсан шийдвэр гэж бодож байна.
- 2026 оны улсын төсвөөр Боловсролын салбарт 5.4 их наяд төгрөгийг төсөвлөсөн. Үүний хэд орчим хувь нь БЗС-д зарцуулагдаж байгаа вэ?
- Зээлийн эргэн төлөлтийн асуудал нь одоо тулгараад буй санхүүжилтийн бэрхшээлтэй байдалд хэр нөлөөлөв?
- Зээлийн эргэн төлөлт одоогоор 9 тэрбум төгрөгт хүрээд явж байна. Тэгэхээр энэ нь өмнө дурдсан 33 хувьд хүрэх төсөөлөлдөө бага байгаа дүн. Үүний зэрэгцээ Улсын төсвөөс батлагдсан 138.8 тэрбум төгрөгөөс 31.6 тэрбумыг нь 2025 оны дутуу санхүүжүүлсэн хөтөлбөртөө шилжүүлсэн зэргээс шалтгаалж манай санхүүжилтийн эх үүсвэр дутагдах гол нөхцөл бий болсон.
- Дэлхийн ТОП-100 их дээд сургуульд тэнцэж, зээл олгох хяналтын тоонд багтсан ч санхүүжилт тодорхойгүйн улмаас элсэлтээ баталгаажуулж чадахгүйд хүрээд байгаа асуудлаар суралцагч болон эцэг эхчүүдийн төлөөлөл мэдэгдэл хийж байсан. Энэ асуудал хэрхэн шийдвэрлэгдсэн бэ?
- Хяналтын тоонд багтсан оюутнуудын хувьд наймдугаар сарын эхээр гэрээгээ байгуулаад, 20-ноос санхүүжилт нь хэвийн олгогдож байгаа. Харин тэрхүү мэдэгдлийн тухайд дийлэнх нь сонгон шалгаруулалтын шалгуурыг хангасан ч хяналтын тоонд бус хяналтын нөөцөд багтсан хүмүүс байсан. Иймээс олон нийтийн дунд ойлголтын зөрүү гарсан болов уу гэж бодож байна.
- Тухайн мэдэгдэл хийсэн хүмүүсийн төлөөллөөс Ерөнхий сайдад хүргүүлсэн шаардлагад “Хяналтын нөөцөд бүртгэгдсэн 40 бакалавр, 20 магистр зэрэг нийт 60 суралцагч”-ийн санхүүжилтийг шийдвэрлэхийг тусгасан. Тэгвэл энэхүү хяналтын нөөцөд багтсан суралцагчдын асуудал дээр Боловсролын Зээлийн Сан ямар байр суурьтай байгаа вэ?
- Хяналтын тоонд багтсан суралцагчдаас хэн нэгэн нь гэрээгээ байгуулахгүй бол эрэмбийн дагуу дараагийн хүүхэд санхүүжилт авах эрх үүсэх юм. Мөн манайд санхүүжилтийн эх үүсвэр бүрдсэн тохиолдолд тэдгээр хяналтын нөөцөд байгаа тодорхой тооны суралцагчидтай гэрээ байгуулж болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

