Мандал Ассет “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АССЕТ МЕНЕЖМЕНТ”-ээр дахин шалгарлаа
Олон улсын банк, санхүүгийн салбарын тэргүүлэгч хэвлэл болох Global Banking & Finance Review сэтгүүлийн “Global Banking & Finance Awards” -аас Мандал Ассет Менежмент нь 2026 оны “ Монгол улсын шилдэг Ассет Менежмент”-ээр шалгараад байна. Global Banking & Finance Awards нь дэлхийн санхүүгийн салбарын шилдгүүдийг 150 гаруй орноос шалгаруулдаг олон улсын нэр хүндтэй шагнал юм.
Мандал Ассет Менежмент нь Санхүүгийн Зохицуулах Хорооны тусгай зөвшөөрөл бүхий 5 хөрөнгө оруулалтын сангийн нийт 450 тэрбум төгрөгийн хөрөнгийг амжилттай удирдан ажиллаж байна. Монгол улсад хөрөнгө оруулалтын сангийн 90%-ийг дангаар бүрдүүлж, салбартаа тэргүүлж байгаагийн хувьд ийнхүү олон улсад үнэлэгдлээ. Удирдаж буй сангуудын хөрөнгө оруулагчдын тоо хэдийн 138,000-д хүрснээс гадна насанд хүрсэн хүн амын 50 орчим хувьд санхүүгийн боловсрол олгож, санхүүгийн хувьд эрүүл, бие даасан байдлыг дэмжин ажилласаар ирснийг дурдах хэрэгтэй.
Мандал Ассет Менежментийн удирдаж буй сангуудыг дурдвал Мандал Ирээдүйн Өсөлт хамтын санг 50 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй үүсгэн байгуулж байсан бол өдгөө хөрөнгийн хэмжээ 89.5 тэрбум ₮ хүрчээ. Тус сангийн өгөөжийн гүйцэтгэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21%-тай байгаа нь эрсдэлийн удирдлагад суурилсан хөрөнгө оруулалт нь урт хугацаандаа өндөр өгөөжтэй гэдгийг харуулж байна. Энэ ч утгаараа тус сан үүсгэн байгуулсан 8,000 хөрөнгө оруулагчид хөрөнгийн захын мэргэжлийн, урт хугацааны хөрөнгө оруулагчид болж буй.
Түүнчлэн Мандал хуримтлал нь “Asia Fintech Awards”-с Азийн шилдэг финтек аппликейшн-ээр энэ оны 8 сарын 21-нд шалгарсан билээ. Хөрөнгө оруулалтын сан нь хөрөнгийн захаар дамжуулан иргэдийн хөрөнгийг өсгөх, баялгийн шударга хуваарилалт хийдэг гол механизм юм. Энэхүү үүргийг Мандал хуримтлал амжилттай гүйцэтгэснийг азийн түвшинд үнэлсэн хэрэг билээ.
Монголын хөрөнгийн захыг хөгжүүлэх их үйлсэд хамтран зүтгэж буй эрхэм харилцагч, хөрөнгө оруулагч, үнэт цаас гаргагч нар, санхүүгийн салбарын зохицуулагч байгууллага болон салбарын хамтран зүтгэгч нартаа гүн талархал илэрхийлье. Монголын хөрөнгийн зах зээлийг хамтын хүчээр хөгжүүлцгээе!
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

