Л.Буддорж: Олон хүүхэдтэй хүний 1,072 хувьцааг тэнцүү хэмжээгээр өвлүүлнэ. Шаардлагатай бол өв хуваах гэрээ байгуулж болно
1,072 хувьцаа, түүнд ногдох ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид шилжүүлэх буюу өвлүүлэх асуудлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын Нотариатчидын танхим хамтран хэвлэлийн хурал зохион байгууллаа.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг эзэмшигч иргэн нас барсан бол түүний хувьцаа болон ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид шилжүүлэх тухай тогтоолыг Засгийн газраас гаргасан. Энэ дагуу нас барсан иргэний “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа, түүнд хуваарилагдсан ногдол ашгийг 2026 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс хууль ёсны өвлөгчид шилжүүлж эхлэхээр болжээ.
Уг шийдвэр нь 2011 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс хойш нас барсан хувьцаа эзэмшиж байсан иргэн хамаарах юм. Харин хууль ёсны өвлөгч гэдэгт Иргэний хуульд заасан хууль ёсны өвлөгч, өвлүүлэгчийг нас барах хүртэл хамт амьдарч байсан болон хуульд заасны дагуу хүсэлт гаргасан өвлөгчийг өв хүлээн авсан гэж үзэх аж.
Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн захиргаа, хууль эрх зүйн газрын захирал Ж.Амарсайхан: Манай төв нь үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бүртгэж баталгаажуулдаг, цахим хэлбэрээр төрийн нэрийн өмнөөс хадгалдаг.
Иргэд хамгийн түрүүнд 158989 тусгай дугаарт нас барсан иргэний регистрийн дугаарыг кирилл, том үсгээр бичин илгээхэд 1,072 хувьцааны үлдэгдлийн мэдээллийг өгч байгаа. Эсвэл өөрт байгаа нотариат дээр очоод хувьцаа болон ногдол ашгийн мэдээллийг авч болно.
Монголын Нотариатчидын танхимаас өв залгамжлах эрхийн гэрчилгээг баталгаажуулаад, QR коджуулсан өв залгамжлах гэрчилгээг систем дээр байршуулна. Энэ манай төв дээр цахимаар ирнэ. Энэ үед өвлөгдөж буй 1,072 хувьцаа, түүнд ногдож ногдол ашгийг хууль ёсны өвлөгчийн дансанд бүртгэж баталгаажуулна. Бүртгэж баталгаажуулсан мэдээллийг и-монголиа системээр авч болно.
"Хамт амьдарч байсан өвлөгчдийн хувьд гурван сарын дотор татгалзах хүсэлт өгөөгүй бол өв авсанд тооцдог хуультай"
Монголын Нотариатчидын танхимын ерөнхийлөгч Л.Буддорж: 1,072 хувьцааг өвлөх харилцаа энэ оны зургаадугаар сарын 1-нээс эхэлнэ. Энэ хугацаанаас хойш өв хүлээн авах хүсэлт гаргах, өвлөх эрхийн гэрчилгээ бичих эрхтэй болно. Хамт амьдарч байсан өвлөгчдийн хувьд гурван сарын дотор татгалзах хүсэлт өгөөгүй бол өв авсанд тооцдог хуультай. Хамт амьдраагүй өвлөгчийн хувьд нэг жилийн дотор өв хүлээн авагчийн хүсэлтээ гаргаагүй бол татгалзсан тооцдог.
Олон хүүхэдтэй хүний хувьд Иргэний хуулийн 520.1-д нас барагчийн эхнэр нөхөр, эцэг эх, үр хүүхэд нэгдүгээр зэргийн өвлөгч, хоёрдугаар зэргийн өвлөгч бол эмээ, өвөө, ач зээ, ах дүү гэж явдаг. Олон хүүхэдтэй хүний 1,072 хувьцааг тэнцүү хэмжээгээр өвлүүлнэ. Шаардлагатай бол өв хуваах гэрээ гэж байгуулаад хувиа тохиролцож болно.
Засгийн газрын тогтоол ирэх сарын 1-нээс хэрэгжих учраас гадаад болон тусдаа амьдардаг хүмүүс энэ боломжит хугацааг ашиглаад өв татгалзах, хүлээн авах хүсэлтээ гаргаарай. Гадаад 50 гаруй улсын 90 гаруй нотариатчид элчин сайд, консулын газарт ажилладаг.
Нас барсан иргэний хувьцаа болон ногдол ашгийг өвлөхдөө:
- 158989 тусгай дугаарт нас барсан иргэний регистрийн дугаарыг кирилл, том үсгээр бичин илгээж, хувьцааны мэдээллээ шалгана.
- Хууль ёсны өвлөгч нь өвлүүлэгчийн нас барсны гэрчилгээ эсвэл нас барсны бүртгэлийн лавлагааг иргэний бүртгэлийн Нэг цэгийн үйлчилгээнээс авч, гэрчилгээ болон лавлагаан дээр бичигдсэн хаягийн дагуу тухайн баг, хорооны Засаг даргаас өвлүүлэгчийн хамгийн сүүлд оршин сууж байсан баг, хорооны Засаг даргаас тодорхойлолт, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар /уг дэвтэр байхгүй бол Засаг даргын гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажсан тодорхойлолт/ гаргуулж авна.
- Ээлжийн өвлөгч өвлөх тохиолдолд төрөл садны лавлагааг улсын бүртгэлийн байгууллага дээр бичиг баримттайгаа биеэр очиж авсан байна.
- Хүүхэд нь өвлөх тохиолдол төрсний бүртгэлийн лавлагаа, эхнэр нөхөр нь өвлөх бол гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эцэг эх нь өвлөх тохиолдолд төрөл садны лавлагаа болон хэдэн хүүхэд төрүүлсэн тухайн лавлагааг бүрдүүлэн өв нээгдсэн газрын нотариатад хандана.
- Хууль ёсны өвлөгч нарын зарим нь өв хүлээн авахаас татгалзах тохиолдолд өв хүлээн авахаас татгалзах хүсэлтийг нотариатаар гэрчлүүлнэ.
- Холбогдох бичиг баримт бүрдсэн тохиолдолд нотариатч нь өвлөх эрхийн гэрчилгээ бичиж Нотариатын цахим системд байршуулах бөгөөд хувьцаа, ногдол ашгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд цахим хэлбэрээр илгээнэ.
- Е Mongolia системээр үнэт цаасны данстай эсэхээ шалгаж, шаардлагатай бол брокерын компанид данс нээнэ.
- Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв нь үнэт цаасаар гэрчлэгдсэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг хууль ёсны өвлөгчийн дансанд бүртгэж баталгаажуулна.
- Хүсвэл брокерын компаниар дамжуулан өөрийн банкны данс руу шилжүүлэн авах боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
