Хятад, Оросын дээд хэмжээний уулзалтаар “Сибирийн Хүч 2” дамжуулах хоолойн төсөл дээр ахиц дэвшил гаргасангүй

Т.Давааням, ikon.mn
44 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод хийсэн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний хоёр өдрийн айлчлал Лхагва гарагт өндөрлөлөө.

Ши Жиньпин, Путин нар бие биеэ “сайн найз нөхөр” хэмээн дуудаж, хамтарсан мэдэгдэл нь “стратегийн хамтын ажиллагаа”, “харилцан хүндлэл, итгэлцэл”, “найрамдал нөхөрлөл”, “түншийн харилцаа” зэрэг үгсээр дүүрэн байв.

Тэд хамтдаа АНУ-ын “хариуцлагагүй” цөмийн зэвсгийн бодлогыг буруушааж, Трампын санаачилсан “Golden Dome” пуужингийн хамгаалалтын системийн төлөвлөгөөг шүүмжилж байлаа.

Хятад, Оросын төлөөлөгчид хоёр улсын хамтын ажиллагааг худалдаа, технологи зэрэг олон салбарт бэхжүүлэх 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан байна.

Гэхдээ хамгийн өндөр хүлээлттэй байсан “Сибирийн Хүч 2” байгалийн хий дамжуулах хоолойн төсөл дээр ямар нэг ахиц дэвшил гараагүй юм.

Баруун Сибирийн ордоос Монголоор дамжуулан Хятадын зах зээлд хий нийлүүлэх энэ хоолой нь Кремлийн эрх баригчдын хувьд Украины дайны улмаас алдсан Европын зах зээлийн алдагдлыг нөхөх чухал ач холбогдолтой төсөл гэгддэг.

Өнгөрсөн онд Орос, Хятадын талууд энэ төсөл дээр харилцан ойлголцох санамж бичиг байгуулсан ч Бээжингийн эрх баригчид хэрэгжүүлэх гэж яарахгүй байгаа нь харагдсан.

Өчигдөр Кремлийн хэвлэлийн алба хоёр улс төслийн “параметрүүд дээр нэгдсэн ойлголцолд хүрсэн” гэхээс өөр зүйл мэдээлээгүй байна.

Ажиглагчид энэхүү айлчлалыг эдийн засгийн хувьд үр дүн багатай ч улс төрийн бэлгэдэл талаасаа утга учиртай болсон гэж дүгнэжээ.

Тухайлбал АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын айлчлалын дараахан маш богино хугацаанд зохион байгуулагдсан энэ айлчлалаар ОХУ-ын ерөнхийлөгчид ижил түвшний хүндэтгэл үзүүлсэн нь “Ши Жиньпинээс Путинд өгсөн нэр хүндийн маш чухал бэлэг” болохыг Карнеги Орос, Евразийн Төвийн судлаач Темур Умаров тайлбарласан байна.

 

Эх сурвалж: BBC, AFP