2025 оны дэлхийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээний өсөлтийг сэргээгдэх эх үүсгүүрүүд анх удаагаа бүрэн хангажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 34 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн оны дэлхийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээний өсөлтийг сэргээгдэх эх үүсгүүрүүд анх удаагаа бүрэн хангасныг Ember судалгааны байгууллагын өчигдөр нийтлэгдсэн тайлан харуулжээ.

Харин чулуужсан түлшээр үйлдвэрлэдэг эрчим хүчний хэмжээ өсөөгүй буюу төвшнөө хадгалсан байна.

2025 онд нарны эрчим хүчний үйлдвэрлэл бараг гуравны нэгээр өссөн нь шинэ дээд амжилт болжээ.

2015 оноос хойших арван жилийн хугацаанд нарны үйлдвэрлэл 10 дахин өсөхдөө ойролцоогоор гурван жил тутамд хоёр дахин өссөн байна.

Энэ өсөлтийн талаас илүү хэсэг нь Хятад улсад оногджээ. Хятад улс сэргээгдэх эрчим хүчний дэлхийн хамгийн том экспортлогч болоод байгаа.

2025 онд дэлхийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээний өсөлтийн дөрөвний гурвыг нарны, үлдсэн хэсгийг бараг бүхэлд нь салхины эх үүсгүүрүүд хангажээ.

Эсрэгээрээ чулуужсан түлшний эрчим хүч үйлдвэрлэл өнгөрсөн онд 0.2 хувиар буурсан байна.

зураг
 

“Бид цэвэр эрчим хүчний өсөлтийн эринд баттай шилжиж чадлаа. Цэвэр эрчим хүч одоо дэлхийн цахилгаан эрчим хүчний өсөн нэмэгдэж буй эрэлтийг шингээх хэмжээний хурдацтай өргөжиж, цаашдаа буурах нь гарцаагүй чулуужсан түлшний үйлдвэрлэл тогтвортой түвшинд шилжиж байна. Бидний харж буй зүйл өмнө нь хүсэл мөрөөдөл байсан бол харин одоо бодит байдал боллоо” гэж Ember байгууллагын гүйцэтгэх захирал Адитья Лолла хэлжээ.

Энэтхэг улс өнгөрсөн онд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээ эрс нэмэгдүүлж, сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлтийнх нь гол суурь болж байсан нүүрснээс хамаарах хамаарлаа бууруулж чадсан байна.

Тус улс цахилгаан эрчим хүчний хэрэгцээний өсөлтөөсөө давсан эрчим хүчийг сэргээгдэх эх үүсгүүрүүдээр үйлдвэрлэсэн бол чулуужсан түлшний үйлдвэрлэл нь 52 Тераватт/цагаар буурсан нь Хятадын уналтаас яльгүй бага байжээ.

Дэлхий даяар 2025 онд нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 34 хувийг сэргээгдэх, 33 хувийг нүүрсний эх үүсгүүрүүд хангаж, анх удаагаа давсан байна.

Тайланд бас эрчим хүч нөөцлүүрийн өсөлтийн талаар тоо баримт дурджээ.

Өнгөрсөн онд үйлдвэрлэсэн нэмэлт нарны эрчим хүчний 14 орчим хувийг өдрийн бус цагаар хэрэглэсэн нь батарейн зах зээлийн үнэ огцом буурсантай холбоотой гэж үзэж байна.

 

Эх сурвалж: The Guardian