З.Батбаяр: Туул гол руу ямар нэгэн гаднын биет ороход химийн урвал явагдах бүрэн боломжтой болсон байна

М.Батчимэг, ikon.mn
2026 оны 4 сарын 15
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Усны газраас Туул голын усны чанарын өнөөгийн байдал болон цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө. 

Энэ оны гуравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх, Маршал, Яармаг, Сонсголонгийн гүүр болон Био комбинатын орчмын гүүр, Шувуун фабрик, Сонгинын гүүр орчмоос дээж авч Монгол Улсын Усны орчны чанар, ерөнхий шаардлагатай харьцуулсан талаар Усны газрын дарга З.Батбаяр танилцуулав. 

  • Баянзүрхийн гүүр орчимд усны чанарын индекс 44.97 буюу ус бага зэргийн бохирдолтой гарсан байна. Мөн нийт нянгийн тоо 20,000 буюу зөвшөөрөгдсөн хэмжээнээс хоёр дахин их байжээ. 
  • Маршалын гүүр орчимд усны чанарын индекс 138.64 буюу ус маш их бохирдолтой гарсан байна. Мөн гэдэсний бүлгийн савханцар болох E-coli буюу хүн, малын ялгадаснаас гаралтай бохирдол илэрчээ.  
  • Сонсголонгийн гүүр орчимд усны чанарын индекс 136 буюу ус маш их бохирдолтой гарсан байна. Нийт нянгийн хэмжээ зөвшөөрөгдсөн хэмжээнээс их буюу 30,000 илэрсэн. Гэдэсний бүлгийн савханцар болох  E-coli буюу хүн, малын ялгадаснаас гаралтай бохирдол илэрчээ. Мөн гэдэсний бүлгийн эмгэг төрөгч илэрсэн нь бохирдлын хэмжээ асар өндөр түвшинд байгааг харуулж байгаа аж. Хэрэв энэ уснаас уувал хоолны хордлого гэх мэт гэдэсний өвчин тусах магадлалтай гэв. 
  • Био комбинатын орчимд усны чанарын индекс 459.64 буюу маш их бохирдолтой гарсан байна. Нянгийн тоо 300,000 гарсан байна. Гэдэсний бүлгийн савханцар нянгийн тоо 10,000, мөн гэдэсний бүлгийн эмгэг төрөгч илэрчээ. Энэ нь төв цэвэрлэх байгууламжаас болсон бохирдол гэв. 
  • Шувуун фабрик орчимд усны чанарын индекс 611 буюу маш их бохирдолтой гарсан байна. Нянгийн тоо 250,000, Гэдэсний бүлгийн савханцар 10,000, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч дээд хэмжээнээс давсан байна. 
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийтдээ Улаанбаатар хот орчмын Туул гол бохирдолтой гарсан бөгөөд Маршал, Сонсголон, Био комбинат, Сонгинын гүүр орчимд нүхэн жорлонгоос үүдэж гэдэсний бүлгийн савханцар нян стандартаас давсан байгаа аж. 

Мөн бүх цэгүүд дээр бохир усны хөнгөн ба хүнд жинтэй уусдаггүй бохирдол илэрсэн байна. Мөн химийн хэрэгцээт болон биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч хүлцэх дээд хэмжээнээс давжээ. Энэ нь Туул гол руу ямар нэгэн гаднын биет ороход химийн урвал явагдах бүрэн боломжтой байна гэдгийг Усны газрын дарга З.Батбаяр онцлов. 

Түүнчлэн дээр үед бохир гарын өвчин гэж нэрлэгддэг байсан өвчнөөр одоо цагт хүүхдүүд гадаргын усны бохирдлоос болж өвдөж байна гэв.