Ц.Идэрбат: ЖДҮ-ийн сангаас зээл олгодог процессыг илүү хялбаршуулна
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Бизнесийн орчныг дэмжих, Эрүүл мэндийн ойлгомжгүй цалингийн тогтолцоог тодорхой болгох зэрэг нийт 20 асуудлаар зарим нэг шийдвэрийг гаргасан юм.
Мөн Дотоодын үйлдвэрлэл дэмжих тухай Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн, Хөнгөн Үйлдвэрийн Яам (ХХАХҮ)-ны сайд Ц.Идэрбат "Дотоодын үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг төрийн худалдан авалтад оруулах гэдэг маш олон жил яригдсан сэдэв. Энэ талаар өнөөдрийн хуралдаанаар ахицтай шийдвэр гаргалаа.
Танилцуулгынхаа эхэнд өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас гаргасан ажлын явц ямар байгаа талаар товч хүргэе.
Аж ахуйн нэгжүүдээс Засгийн газарт хандаж гурван асуудлыг яаралтай шийдэж өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Үүнийг нь Засгийн газрын зүгээс албажуулаад хаврын тариалалтад шаардлагатай байгаа 10 мянган тонн түлшийг 3,400 төгрөгөөр нийлүүлэх шийдвэрийг гаргасан юм. Өнөөдрийн байдлаар 7,000 гаруй түлш нийлүүлсэн байна. Түлш нийлүүлдэг компаниудаас зарим нь хэлсэн ярьсандаа өгдөг бол бас хагас дутуу нийлүүлж байгаа нь ч бий. Тиймээс бид зарим аж ахуйн нэгжүүдэд шаардлага хүргүүлээд төлөвлөсөн түлшиндээ хүргэнэ гэдэг зорилготой ажиллаж байна.
Дараагийн асуудал нь Монгол Улсын 2026 оны төсөв батлагдахдаа газар тариалангийн салбарт 130 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгө олгох зээл олгож эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт зээлийн олголт удаашралтай, хэмжээ нь ч хүртээмжтэй бус байсан. Ингээд Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт Монгол Банкны Ерөнхийлөгчтэй уулзаж, бид ч арилжааны банкнуудтай зөвшилцсөн. Үүний үр дүнд хөнгөлөлттэй олгох 130 тэрбум төгрөгийн зээлийн хэмжээг ₮200 тэрбумд хүргэхээр болсон.
Мөн иргэдийн зүгээс төмсний үрийг нэмэгдүүлэх талаар санал ирүүлсэн. Энэ дагуу өнөөдрөөс Төв аймгийн Жаргалант суманд ОХУ-аас хоёр сортын төмсний үр бууж байгаа.
Хүнсний ногооны хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой байлгах зорилгоор Засгийн газрын зүгээс тогтоол гаргасан. Үүний хүрээнд нэр бүхий дөрвөн хүнсний ногооны үрийг ₮1 тэрбумд багтааж худалдана авах ажлыг зохион байгуулсан. Удахгүй орон нутаг руу хүргэгдэнэ. Энэ салбарт ажиллах хүчний хомсдол их байгаа тул техникжүүлэх тал дээр илүү анхаарч байна.
Цаг уурын урьдчилсан судалгаагаар харьцангуй тогтуун байх төлөвтэй байгаа. Гэхдээ бид өнгөрсөн жилийнхээ алдааг давтахгүйн тулд байгалийн хэт халалт, ган болбол үүлэнд зориудаар нөлөөлөх зорилгоор ₮350 саяар пуужингийн нөөцөө бүрдүүлж байна.
Харин өнөөдрийн Засгийн газрын хурлаар эх оронч үйлдвэрлэлийг дэмжих тогтоол гарсан. Энэ тогтоолын гол агуулга нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлсэн "Хүнсний хувьсгал", "Цагаан алт" зэрэг хөтөлбөрийн зорилго нь манай улсын хүсний аюулгүй байдал, тэр тусмаа манай хөдөө аж ахуйн салбарын бараа бүтээгдэхүүнийг нэг дор цуглуулдаг болсон. Цуглуулсан түүхий эдээ дараагийн шатанд гаргадаг болоод буй. Тиймээс бид энэ үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор төсвийн хөрөнгөөр худалдаж авдаг төрийн албан хаагчдын хувцсыг Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ хангадаг болох зорилго тавьсан.
Түүнчлэн жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас авдаг зээлийн хугацаа таван жил байсныг долоо болгохоор ажиллаж байна. Ингэснээр ийм төрлийн зээл авсан бизнес эрхлэгчдийн сар бүрийн төлөлтийн хэмжээ багасна.
Мөн жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас зээл авдаг процессыг маш ойлгомжтой болгоно. Жишээлбэл Баян-Өлгий аймагт амьдардаг хүн гутал хийх гэхээр Улаанбаатар хотоос баг очиж шалгадаг, шалгаруулдаг, дөрвөн шат дамжлагаар явдаг байсан бол одоо 30 хоногт нээлттэй зарлаад 15 хоногт шалгаруулаад үлдсэн хугацаанд зээл олгох процесс явагдана. Энэ хүрээнд манай яамны цахим сайт илүү ойлгомжтой, мэдээлэл түгээдэг болгохоор ажиллаж буй" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
