Туулын хурдны замыг бүрэн тайлбарлах нь

Редакцын бус нийтлэл
36 минутын өмнө
Редакцын бус нийтлэл

Энэ хавар Улаанбаатарчуудын хувьд “Туулын хурдны зам” гэх төсөл анхаарал татсан сэдэв болоод буй. Олон нийт төдийлөн мэдээлэлгүй байтал төслийн ажил нэг л өглөө эхэлснээр энэ сэдэв олны эсэргүүцэл, дэмжлэг, сонирхлын төвд орж ирэв. Тэгвэл “Туулын хурдны зам” төсөл хэзээнээс, хэрхэн эхэлж, ямар ажил хэрэгжүүлэхээр төлөвлөөд буйг албаны эх сурвалжуудаас тоймлон хүргэе.

1. Олон улсын 1А зэрэглэлийн, Монголын анхны хурдны зам

“Туулын хурдны зам” төсөл нь товчхондоо Улаанбаатар хотын баруун зүүн захыг холбох 6 эгнээ 32 км урт хурдны зам барих бүтээн байгуулалтын ажил юм.

Олон улсын 1А зэрэглэлд хамаарч буй нь автозамын техникийн ангиллын хамгийн өндөр зэрэглэл аж. Хурдны зам нь Налайхын замын Улиастайн уулзвараас эхэлж, Туул голын хойд далан дагуу явсаар Дархан-Эмээлтийн замын уулзварт хүрч төгсөнө. Ингэснээр тус зам нь хотын зүүн болон баруун хэсгийг шууд холбох хурдны гол холболт болох юм.

зураг
 
Зургийн эх сурвалж: Нийслэлийн замын хөгжлийн газар, Замын төсөөөллийн зураг төсөл

2. Улаанбаатарын түгжрэлийг 30 хүртэлх хувиар бууруулна

Уг хурдны зам нь хотын зүүн, барууныг холбох гол тэнхлэг болсноор хотын гол ачааллыг хуваалцаж, түгжрэлийг 30 хүртэлх хувиар бууруулна гэж мэргэжлийн байгууллагууд тооцоолжээ. Хотын төвөөр дайран өнгөрөх шаардлагагүй болсноор төвийн замын ачаалал багасаж, автомашины дундаж хурд нэмэгдэх тооцоотой. Одоогийн ид ачааллын үеийн 10–20 км/цагийн хурдтай харьцуулахад илүү тогтвортой, хурдан хөдөлгөөн бий болно гэж судлаачид тэмдэглэжээ.

зураг
 
зураг
 

Камерын симуляцид суурилсан тооцооллоор түгжрэл буурах хувь хэмжээ:

  • Яармагийн гүүр– 32% хүртэл
  • Нарны зам – 24% хүртэл
  • Энхтайваны өргөн чөлөө– 8% хүртэл
  • Яармагийн зам – 12% хүртэл
  • Олимпын гудамж – 13% хүртэл
  • Чингисийн өргөн чөлөө - 32% хүртэл
  • Их Монгол Улсын гудамж - 11% хүртэл
  • Нарны гүүр – 7% хүртэл  хувиар тус тус буурч, замын хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар нэмэгдэнэ.

3. Зөвхөн хурдны зам биш цогц бүтээн байгуулалт

Хурдны замын төслийг олон хүн зөвхөн нэг тууш замын бүтээн байгуулалт гэж төсөөлж байгаа. Тэгвэл 29 метр өргөнтэй 22.13 км авто замаас гадна 22.5 метр өргөнтэй 9.9 км урттай гүүр, замын суурь, олон талын огтлолцлууд, туслах замууд, үерийн хамгаалалтын далан, ус зайлуулах шуудуу, байгаль орчны болон биологийн нөхөн сэргээлт, арчилгаа тордлого зэрэг олон ажил энэхүү төсөлд багтжээ.

Гүүрэн байгууламж: 9.8 км урт төмөрбетон
Нүхэн гарц: Дөрвөн байршилд 190 метр
Уулзвар: Хоёр түвшний огтлолцол бүхий 7 уулзвар
Холбоос зам: 3-7 км тутамд 3 км урт замууд
Тооцоот хурд: 100 км/цаг

4. Эдийн засгийн үр өгөөжтэй, ашигтай хөрөнгө оруулалт

Төсөл эдийн засгийн дотоод үр өгөөжтэй байх хүлээлттэй байна. Хатуу хучилттай автозам байгуулах нь улс, орон нутгийн дэд бүтцийг хөгжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулаад зогсохгүй төв, орон нутгийн ачаа эргэлтийг сайжруулах, хүн амыг зах зээлд ойртуулах, тээврийн хэрэгслийн эвдрэл, саатлыг багасгах зэрэг олон талын ашигтай хөрөнгө оруулалт юм.

зураг
 

Эх сурвалж: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), ALMEC Корпораци, "Улаанбаатар хотын зам тээврийн дэд бүтцийг бэхжүүлэх суурь судалгаа", 2022 он

Дээрх судалгааны дүнгээс үзэхэд, уг төслийн хөрөнгө оруулалтын үр ашиг 19.7%-тай байгаа нь үр ашиг өндөрт тооцогдож байна.

Мөн эдийн засгийн идэвхжил нэмэгдэж, зам дагуу бизнес, үйлчилгээ, хөгжлийн бүсүүд бий болох тооцоо гарчээ. Энэ бол Улаанбаатар хотын амьдралын хэв маяг, эдийн засаг, хот төлөвлөлтийг шинэ шатанд гаргах боломж юм.

5. Туул гол дээгүүр биш голын хойд эргээр үерийн далан болж баригдана

Төслийн трасс нь Туул голын урсгал дагуу төлөвлөгдсөн бөгөөд байгаль орчинд үзүүлэх нөлөөг онцгойлон анхаарах ёстой. Төслөөс усан орчинд үзүүлэх нөлөөлөх байдлын үнэлгээнээс үзэхэд барилгын бүтээн байгуулалтын ажлын үед “дунд зэрэг” нөлөөлөлтэй гэж үзжээ. Авто замын ашиглалтын үед ямар нэг байдлаар усан орчинд бохирдол болон гадаргын усанд үзүүлэх нөлөөлөл бага гэсэн байна.

“Туул голын ирмэгээр хурдны замын трасс дайран өнгөрөх бөгөөд усны төв дээд эх үүсвэрт нөлөөлөхгүй, газрын доорх усны нөөцийг хөндөхгүй. Туулын хурдны замыг барьснаар Туул голын ус ширгэхгүй.”

“Туулын хурдны зам” төслийн зөвлөх, Усны инженер, Доктор Ш.Баранчулуун

Улаанбаатар хотын ундны усыг дунджаар 70-150 метрийн гүнээс татан авч ашигладаг. Тэгвэл хурдны замын гүүрэн хэсгийн баганууд усан доор 20-30 метр гүнээс хэтрэхгүй тул гүний усны хэмжээ, чанар, голдиролд нөлөөлөхгүй гэж дүгнэжээ.

зураг
 

Харин төслийг хэрэгжүүлэх үед үүсэж болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээх цогц арга хэмжээний зөвлөмжийг баримтлан хэрэгжүүлнэ гэж баримт бичигт тусгасан байна. Үүний дагуу тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж, нарийвчлан батлуулах хүртэл төслийн үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа.

6. Үерийн эрсдэлээс хамгаална

Улаанбаатар хотод 1966 оны их үерийн дараа 1968 онд одоогийн Туул голын эрэг дагуух даланг барьсан түүхтэй юм. Хэрэв үер болбол Туул голын усны түвшин 5 метрээр нэмэгдэх ба энэ тохиолдолд одоо байгаа далан хамгаалалт нурах эрсдэлтэй гэж үзэж буй. Тэгвэл Туулын замтай үерийн даланг зарим газар нь сэргээж, зарим газар нь шинээр барьж нийт 19км даланг шинэчлэх юм. Ингэснээр Туул голын орчим дахь айл өрх, байгууллагыг үерийн эрсдэлээс хамгаалах боломжтой гэж үзэж байна. Харин хурдны замыг үерийн далангаас 1.4 метрийн өндөрт барих юм байна.

7. 2013 оноос судлагдсан ба 2028 онд ашиглалтад орно

Төслийн баг 2028 оны наймдугаар сарын 15-ны өдөр гэхэд тоноглол болон камержуулалтын системийг бүрэн хүлээлгэж өгөхөөр төлөвлөсөн байна.

Анх “Туулын хурдны зам” болон “Тойрог хурдны зам” төслүүд нь Монгол Улсын Их хурлын 2013 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг баримт хандлагын бичиг”-т тус тус тусгагдан эхэлжээ.

Туулын хурдны замын төсөл нь өнөөг хүртэл 30 байгууллагын судалгаа, 4 удаагийн Улсын Их Хурлын тогтоол, 5 удаагийн Засгийн газрын тогтоолд үндэслэж, 2013 ба 2026 оны Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд үндэслэн 2025 оноос хэрэгжиж эхэлжээ.

Туулын хурдны замын газар чөлөөлөлтөд Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт нийт 132 нэгж талбар өртөж буй. Үүнээс эхний ээлжийн 22 нэгж талбарт газар дүйцүүлэн олгож, газрыг чөлөөлөн, үлдсэн нэгж талбартай зөвшилцөх ажил үргэлжилж байна.

8. Төсвийн ерөнхий задаргаа

Туулын хурдны зам төслийн нийт төсөвт өртөг 2.3 их наяд төгрөг бөгөөд нийслэлээс санхүүжүүлнэ. Гүүрэн байгууламжийн төсөвт өртөг 1.3 их наяд төгрөг. Авто замын төсөвт өртөг 581 тэрбум төгрөг. Зургаан эгнээ нэг километр хурдны авто замыг 14.7 тэрбум төгрөгөөр барихаар тооцоолжээ.

Монгол Улсад сүүлийн үед баригдаж байгаа гүүрэн байгууламжийн жишиг ханш нэг урт метр нь 190-200 сая төгрөг бол нэг километр гүүр 190-200 тэрбум төгрөгөөр босож байна. Жишээлбэл, Олимпын гүүр дөрвөн эгнээ, олон түвшний орц гарц, огтлолцолтой гүүр тул нэг км нь 200 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр баригдсан. Харин Туулын хурдны замын гүүрэн байгууламж нэг км нь 130 тэрбум төгрөгөөр баригдахаар хамгийн бага үнийн саналаар хийгдэж байгаа ажил хэмээн төсвийн мэргэжилтнүүд онцолжээ.

9. Гүйцэтгэгч компанийн туршлага

Туулын хурдны замын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын олон улсын нээлттэй тендерийг 2025 оны 4 дүгээр сарын 23-нд зарлажээ.

Улмаар “Poly Changda Engineering Co” ХХК, “Longjian road&bridge Co” ХХК, “Shandong Luqiao Group” ХХК, “ХаоЮань Групп” компаниуд саналаа ирүүлж, үр дүнд нь “ХаоЮань Групп” ХХК шалгаран гэрээ байгуулжээ. Тус компани нь Хятад, Малайз, Серби, Ангол зэрэг улсад дэд бүтэц, хурдны замын төсөл хэрэгжүүлсэн туршлагатай гэж төслийн танилцуулгад дурдсан байна. Үүнээс Сербийн хурдны замын 253 км үргэлжлэх 4 төслийг амжилттай гүйцэтгэсэн мэдээлэл байна.

10. Улаанбаатарынхны амьдралын чанар, сэтгэл ханамж нэмэгдэнэ

Улаанбаатарын иргэд өдөрт дунджаар 2 цагийг түгжрэлд өнгөрөөдөг гэж үзвэл жилд 730 цаг буюу дунджаар 30.4 хоногийг зам дээр өнгөрөөж байна.  Хэрэв түгжрэл 30 хувь буурвал нэг хүний өдөрт түгжрэлд өнгөрөөх хугацаа 30 орчим минутаар багасна. Замын хөдөлгөөний хурд сайжирснаар агаарын бохирдол 10-30% буурах боломжтой. Хугацаа, түлш хэмнэлт, бүтээмж өсөлтийг тооцоолбол хувь хүний бүтээмж 5-15% өснө. Ийн цагаа хэмнэж, үр бүтээмжээ нэмэгдүүлснээр хотын иргэдийн амьдралын чанар, сэтгэл ханамж нэмэгдэх боломжтой.

“Туулын хурдны зам” төслийн тухай дэлгэрүүлэн судлах эх сурвалжууд:

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.