МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, улс төрийн шийдвэр гаргахаар болжээ
Улсын Их Хурал (УИХ) дахь Монгол Ардын Намын (МАН)-ын бүлгийн дарга Ж.Батжаргал цаг үеийн асуудлаар Төрийн ордонд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнөөдрийн байдлаар манай бүлгийн найман гишүүн эрүүл мэндийн шалтгаантай байна. Гурван гишүүн гадаадад, хоёр гишүүн хүндэтгэн үзэх шалтгаантайгаар чөлөөтэй байгаа. Тиймээс ирц бүрдэнэ гэж тооцсон боловч хүрсэнгүй.
УИХ-ын дарга өнөөдрийн чуулганы хойшлуулаад МАН-ын бүлэг хуралдаж, энэ нөхцөл байдалдаа дүгнэлт өгч гарц шийдлийн талаар улс төрийн шийдвэр гарга гэдэг чиглэл өгсөн. МАН-ын бүлгийн ээлжит бус хурлыг 14:00 цагт хуралдуулахаар боллоо.
Ардчилсан Намын тавьж буй улс төрийн шаардлага нь өнөөдөр мөрдөгдөж буй хуульд байхгүй. УИХ-ын гишүүд чуулганы болоод бүтцийн байгууллагуудын хуралдаанд суух үүрэгтэй. Ардчилсан Намын шаардлагыг ярьж, ямар байр суурь илэрхийлэх вэ гэдэг шийдвэр гаргана. Бүлгийн улс төрийн үйл явцаас хамаарч намын даргыг Ерөнхий сайд болгох асуудлаар Улс төрийн зөвлөл хуралдаж магадгүй" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
