"15,000 ам.доллар байршуулж байж АНУ-ын визэд ордог боллоо. Ардчилсан орнууд Монгол Улсад эелдгээр хориг тавьж эхэлж байна"

Н.Эрхбаяр, iKon.mn
14 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ардчилсан Намын удирдлагууд "4:11 мэдээллийн цаг" хэвлэлийн хурлыг зохион байгуулж, улс төрийн цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан авлигын хэргийг хянан шалгах Түр хороо байгуулахаар болжээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Сэтгэл сэртхийлгэм тоо баримтыг хариуцлагатай албан тушаал хашиж байсан хүмүүс телевизээр орой бүр аймшгийн кино шиг юм ярьж байна. Сүүлийн 10 жил МАН-ын дангаараа засагласны үр дүнд ямар байдалтай болсныг гадна дотногүй мэдэж байгаа. Ганцхан жилийн дотор авлигын индекс 10 байраар ухарсан. Африкийн орнуудаас хойно шахуу жагсаж байна. 

АНУ-ын виз бонд хөтөлбөрт орчихсон, 15,000 ам.доллар байршуулж байж визэд ордог болсон. Японы элчин сайдын яам визийн төлбөрөө нэмсэн. Солонгос руу очиход Инчоны онгоцны буудлаас манай улсын иргэд визтэй хэдий ч хөөгдөж байгаа. Энэ бүхэн авлигатай холбоотой юм. 

Өөрсдөө машинаар зөөгөөд ам.доллар тараадаг болсон гэж ярьж байна. Хулгайч, луйварчид биеэ барьцаалчихсан байгаа. Гэтэл ард түмний 30 хувь нь ядуу шахуу 30 жил явлаа. Тиймээс энэ байдлыг мэдэх эрхийнхээ хүрээнд сонсъё. УИХ дээр байдаг Хянан шалгах түр хороо байгуулж, сонсгол хийнэ. 

Энэ хүрээнд би санаачлаад 32 гишүүний гарын үсэг зурсны дараа сонсгол зохион байгуулна. Одоогоор 10 гишүүн гарын үсэг зурсан, АН-ын бүлгийн гишүүд гарын үсэг зурна гэсэн. 

Нөгөө талаар бүх хулгай, луйварыг төмөр зам, нүүрс, Төрийн ордныг чиглэдэг. Нэг нам 10 жил засагласан байна. Энэ асуудлыг биеэ барьцаалах маягаар гаргаж ирдэг болсныг сонсъё гэж байгаа. Хаврын чуулганаар Харбины, төмөр замын авлига хулгайтай холбоотой асуудлаар сонсъё.

Намрын чуулганаар Ж.Баярмаа гишүүн бид хоёр Харбины гэрээгээр сонсгол явуулъя гэж байсан. Энэ гэрээн дээр 36 их наяд төгрөгийн луйвар гарсан гэдгийг хариуцлагатай албан тушаалтнууд бичиг баримтаар нотолсон. Гэвч МАН-ын бүлэг завсарлага авчихсан. 

Ардчилсан Намын дарга О.Цогтгэрэл: 15,000 ам.доллар байршуулж байж АНУ-ын визэд ордог боллоо гэж байна. Ардчилал, гадаадад зорчих виз гэдэг бол нэг зүйлийн хоёр тал. Гэтэл яг одоо Монгол Улсыг ардчиллаас ухарч байна гэж үзэж байна. Ардчилсан тогтолцоо, шударга шүүх, чөлөөт хэвлэлээс ухарч байна гэж үзээд ардчилсан орнууд үзээд Монгол Улсад блок тавьж байна. 

Ардчиллыг дэмждэг улс төрийн хүчин эрх барих орон зайд үгүйлэгдэж байгаагийн нэг илрэл. Ардчилсан орнууд Монгол Улсад эелдгээр хориг тавьж эхэлж байна. Авлига хулгай гэдэг зүйл чинь гадаад орчинд үр нөлөөгөө үзүүлээд эхэллээ.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав