УИХ-ын дарга Н.Учрал зарчмын шаардлага хүлээн авахгүй бол огцруулах арга хэмжээнд шилжихээ АН-ынхан мэдэгдлээ

Н.Эрхбаяр, iKon.mn
55 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ардчилсан Намын удирдлагууд "4:11 мэдээллийн цаг" хэвлэлийн хурлыг зохион байгуулж, улс төрийн цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр мэдээлэл өглөө.

АН-ын дарга О.Цогтгэрэл: Манай намын тавьж буй шаардлага хууль ёсны үндэслэлтэй болох нь улам бүр нотлогдсоор байна. УИХ-ын чуулган хоёр дахь долоо хоногтоо хуралдсангүй.

Тоо харвал Ардчилсан Нам 42 гишүүнтэй, МАН болон эвсэл хамтралд байгаа гишүүдийн тоо 80, бүрэн дүүрэн хурлаа зохиогоод явах боломжтой. Энэ 80 гишүүнтэй эвсэл санаатайгаар хурлыг зохион байгуулахгүй байгаа нь МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын индрээс буу гэдэг шаардлага зөв зүйтэй гэж УИХ-ын гишүүдийн олонх үзсэн байна.

Үндсэн хуулийн зарчимд нийцэж, сайн дураараа ажлаасаа чөлөөлөгдөх ёстой. Хэрэв зарчмын шаардлага хүлээн авахгүй бол огцруулах арга хэмжээнд орно. 

Сүүлийн үед гарч буй хулгай, авлигын асуудал цочирдом болж байна. Өмнө нь 44 их наяд зэргээр эзэн биегүй том том тоо яригддаг байсан бол одоо эзэнтэй болжээ. 110 сая ам.доллар, 200 сая ам.долларыг хэн хэзээ хаана авлигын мөнгөнд холбогдсон талаар баримт нотолгоотойгоор өндөр албан тушаал хашиж хүмүүс мэдээлэл өгч байна. Авлигажсан 10 жилийн тухай ярьж байсан бол мафижсан 10 жил байжээ. Маф гэдэг бол зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэг. Төрийн хүчийг нэмээд мэдээллийг нууцад авах замаар хулгай хийх боломжийг төрийн хуулиар хамгаалдаг. Дураараа нууцад авч, шууд худалдан авалтын гэрээ хийдэг. Үүнийг шалгах ёстой хууль хяналтын байгууллага нь таг дуугүй. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр маш яаралтай ажлаа өгч шалгуулах ёстой. Мөрдөн шалгуулах байгууллагыг удирдаж байгаа сайд болон дэд сайд нь энэ хэргийн оролцогч болоод хувирчихсан. 

110 сая ам.доллар гэдэг бол 400 тэрбум төгрөг. Цагаан сарын өмнө Баялгийн сангаас Монголын нийт ард түмэнд олгож байгаа мөнгө гээд нэг иргэнд 60 мянган төгрөгийн ногдол ашиг өгөхөд 400 орчим тэрбум төгрөг болсон. 3,000 хүнтэй нэг сумын жилийн төсөв гурван тэрбум төгрөг байдаг. Цалин, тэтгэвэр тэтгэмжтэй харьцуулахын аргагүй тоо явж байна.