Б.Дашпүрэв: Аж ахуйн нэгжүүд дизелийн түлшний 300 төгрөгийн нэмэгдлийг өнөө маргаашдаа хэрэгжүүлнэ

Б.Бадамгарав, IKon.mn
1 цаг 13 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ормузын хоолой хаагдсанаар дэлхийн зах зээл дээрх газрын тосны бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, 2022 оноос хойш анх удаа 100 ам.долларыг давсан.

Шатахуун, түлшний хэрэглээгээ 100 хувь гадаадаас импортоор авдаг манай улсын хувьд энэ нь эдийн засагт ихээхэн сөрөг нөлөөтэй тусахаар байгаа юм. Хэдийгээр өргөн хэрэглээний АИ-92 шатахууныг Оросын Холбооны Улс(ОХУ)-аас үнэ тогтворжуулсан нөхцөлөөр авч байгаа ч хөдөө аж ахуй, уул уурхайд зонхилон хэрэглэдэг дизель түлшний үнийг 1,000-1,500 төгрөгөөр нэмэх саналаа аж ахуйн нэгжүүд илэрхийлжээ. 

Энэ талаар Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам(АҮЭБЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв "АИ-92 шатахууны үнэ ойрын 2-3 сард нэмэгдэхгүй, нийлүүлэлт тогтвортой байгаа.

Хаврын тариалалтын улирал эхэлж байгаа тул тариалалтад хэрэглэх 10,000 тонн дизелийн түлшийг аж ахуйн нэгжүүд маань нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ нэмэхгүйгээр нийлүүлнэ. 

Түүнчлэн аж ахуйн нэгжүүдтэйгээ үнийг огцом өсгөж, шок үүсгэхгүйн тулд 300 төгрөгөөр нэмж болно гэж ярилцсан. Нөхцөл байдлаа харна. Дэлхий дахин үнэ нэмэгдсээр байвал Монгол Улсад хангамж хамгийн чухал учраас үе шаттай нэмэх асуудлыг дараа ярина. Хэрэв нөхцөл байдал зөөлөрвөл үнээ буулгах боломж дараа саруудад гарч болно. Одоогоор савлагаатай байгаа.

Аж ахуйн нэгжүүд дизелийн түлшний 300 төгрөгийн нэмэгдлийг өнөө маргаашдаа хэрэгжүүлнэ. Дөрөвдүгээр сард 1,700 төгрөгөөр нэмэгдэх суурь нөхцөл бүрдсэн, зах зээлийнхээ зарчмаар явж байгаа. Бид нээлттэйгээр ажиллаж, боломжийг нь бий болгох хэрэгтэй. Хомсдол бий болох, нийлүүлэлт доголдох, аж ахуйн нэгжүүд хөрөнгө мөнгөний дутагдлаас захиалгаа багасгах зэрэг эрсдэл бий болж болзошгүй тул богино хугацаанд аж ахуйн нэгжүүдийнхээ саналд тулгуурлан ажиллаж байна" гэв.