Ж.Энхбаяр: Эдийн засгийн хямрал, төсөв санхүүгийн эрсдэл үүсэж болзошгүй энэ үед хэрэглэх хуулийн төсөл өргөн барина
Гадаад зах зээл, олон улсын нөхцөл байдал нь Монгол Улсын дотоодын эдийн засагт ихээхэн нөлөөлж болзошгүй гэж Засгийн газар үзжээ.
Иймд цар тахлын үед ашиглаж байсан шиг нэг удаагийн хуулийн төслийг Улсын Их Хурал(УИХ)-д өргөн барихаар болсныг өнөөдөр Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр мэдэгдэв.
Харин одоо олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор эдийн засгийн хямрал, төсөв санхүүгийн эрсдэл үүсэж болзошгүй энэ үед хэрэглэх хуулийн төсөл өргөн барина. Үнэ өсөж, инфляцын нөлөө орсон үед энгийн горимоор явах нь цаг хугацаа алдах, эдийн засгийн аюулгүй байдалд томоохон хохирол учирна гэж үзэж байгаа тул бэлэн байдлаа хангана. Гэхдээ төсвийн зарцуулалтыг нэмэхгүйгээр төсвийн зохицуулалт хийнэ" гэлээ.
Түүнчлэн түлш шатахууны үнийн хэлбэлзлээс үүдэн бараа үйлчилгээний үнэ нэмэгдэх эрсдэлийг бууруулахын тулд аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах юм байна. Үргэлжлүүлэн Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр "Шатахуун, эм, хүнсний нөөцийг бэлдэнэ. Гурван сарын аливаа хүндрэл шокийг даван туулах чадавхтай байх ёстой. Шаардлагатай бол төсвийн бүх зардлыг эрэмбэлнэ. Хэрэгжиж эхлээгүй төслүүдээс зогсоох хүртэл арга хэмжээ авч, иргэдийн орлогыг хамгаална" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
