ФОТО: Т.Нямжаргал UFC-гийн албан ёсны тулаанд анхны ялалтаа байгуулав
Холимог тулааны хамгийн том холбоо гэгддэг Ultimate Fighting Championship (UFC)-д мэргэжлийн гэрээ байгуулсан хоёр дахь монгол тулаанч Т.Нямжаргал өчигдөр гэрээнийхээ хоёр дахь тулааныг хийлээ.
Энэ удаад тэрбээр Макс Холлауэй, Чарлес Оливейра нарын толгойлсон UFC 326 тулаанд АНУ-ын тулаанч Коди Дюрдентэй учраа таарав.
Бэйсболоор хичээллэж байгаад бөх рүү "урвасан" Коди 21 наснаасаа тулааны спортоор хүчээ үзэх болсон юм. Энэ сарын 29-нд 35 нас хүрэх америк эр нийт холимог тулаанаар 27 тулаан хийж 17-д нь ялсан үзүүлэлттэй байв. Харин Т.Нямжаргалын хувьд холимог тулааны замналдаа ес ялж, нэг ялагдсан юм.
Т.Нямжаргал UFC-д хийсэн эхний тулаандаа 2024 оны арваннэгдүгээр сарын 23-нд АНУ-ын Карлос Хернандест ялагдсан.
Улмаар өнгөрсөн оны хоёрдугаар сард БНСУ-ын Хюн Сун Пактай өрсөлдөхөөр товлогдсон ч жиндээ орж чадаагүй тул цуцлагдсан юм.
Ингэснээр наймдугаар сард "Road to UFC"-д дахин нэг тулалдаж ялснаар гэрээгээ хадгалж үлдсэн билээ.
Хашир тулаанч Коди Дюрден тулааны явцад хэд хэдэн удаа өчих оролдлого хийсэн ч манай тамирчин барилдааны бэлтгэлээ сайн базааснаа баталснаар гурван шүүгчийн нэгдсэн саналаар UFC-д анхны ялалтаа байгууллаа.
ФОТО
Гэрэл зургийг: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
