МАН-ын Бага хурал "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" уриатай, 583 гишүүнтэйгээр эхэллээ
Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаас шинээр бүрдүүлсэн Бага хурлын II хуралдаан "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" уриатай өнөөдөр /2026.02.27/ Тусгаар тогтнолын ордонд эхэлж байна.
Бага хурлын шинэчилсэн бүрэлдэхүүн 597 гишүүнтэй бөгөөд II хуралдаанд 583 гишүүн оролцохоор бүртгүүлсэн байна.
Бага хурлын гишүүдийн хамгийн ахмад нь МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Ардын багш, 80 настай Б.Даш-Ёндон, хамгийн залуу нь 24 настай Д.Баасандорж нар хуралд оролцох юм.
Энэ удаагийн хуралдаанд МАН-ын дарга Н.Учрал улс төрийн илтгэл тавих бөгөөд түүний дараа намын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, намын УЗ-ийн гишүүн Г.Занданшатар нар нийгэм, эдийн засаг, цаг үеийн асуудлаар илтгэл, мэдээлэл танилцуулахаар төлөвлөжээ.
Хурлын үеэр намын УЗ-ийн дэргэд ажиллаж буй бодлогын 11 хороо тус бүр салбар хуралдаан зохион байгуулж, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан өргөн хэмжээний хэлэлцүүлэг хийж, бодлогын шийдэл гарган Бага хуралд танилцуулна.
Бодлогын хороодын нэрсийг танилцуулбал:
- “Гишүүн төвтэй нам 4-E стратеги”-ийг хөгжүүлэх бодлогын хороо
- Хүний хөгжил, боловсрол, шинжлэх ухааны бодлогын хороо
- Дэд бүтэц, хөгжлийн төслүүдийн бодлогын хороо
- Хот байгуулалтын бодлогын хороо
- Эдийн засаг, банк санхүүгийн бодлогын хороо
- Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн бодлогын хороо
- Хөдөөгийн хөгжлийн бодлогын хороо
- Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороо
- Эрүүл мэндийн бодлогын хороо
- Технологи, инновацын бодлогын хороо
- Хүний эрхийн бодлогын хороо
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
