Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой залилах гэмт хэргийн талаар өмгөөлөгч Б.Батбаяр дараах зөвлөмжийг хүргэж байна.
Тэрбээр "Хүн амьдралынхаа туршид орон сууц худалдах, худалдан авах гэрээнд маш цөөн удаа оролцдог. Заавал худалдаж авахгүй байсан ч орон сууц хөлсөлнө гэдэг нь өндөр өртөгтэй, эрсдэлтэй хэлцэлд хамаарч байна.
Тухайлбал 2025 онд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой 1,000 гаруй залилан гарсан. Учирсан хохирол 120 гаруй тэрбум төгрөгт хүрсэн байна. Гэтэл төлөгдсөн байдал нь 50 тэрбум орчим төгрөг.
Орон сууцанд амьдарч байгаа гэдэг бол тухайн орон сууцны өмчлөгч гэсэн үг биш. Орон сууц нь өөрөө үл хөдлөх хөрөнгө учраас заавал бүртгэлийн байгууллагад бүртгэгдэж байж таны нэр дээр гэрчилгээ гарна. Гэрчилгээний үндсэнд өмчлөх эрх үүсдэг.
Нөгөө талдаа гэрээ байгууллаа гээд орон сууц таны өмч болохгүй. Гэрээ нь нотариатаар гэрчлэгдээд улсын бүртгэлийн байгууллагад зайлшгүй бүртгэгдэж байж өмчлөх эрх үүснэ. Тэгэхээр мөнгөө төлж, бодитоор ороод амьдарч байна гэсэн ойлголт байж болохгүй" хэмээв.
Мөн "Орон сууц хөлслүүлэх харилцаанд анхаарах шаардлага зүйл бол “Хоногийн түрээс", "Хоногийн орон сууц хөлслөх” гэсэн зар. Үүнийг ашиглан гэмт хэрэгтэн нэг өдрөөр тухайн орон сууцыг хөлсөлчхөөд танд дамжуулж түрээслэх, бүр зарах эрсдэлтэй нөхцөл байдал бий болж байна.
Өөрийгөө эрсдэлээс сэргийлэх хамгийн баталгаат арга бол E-Mongolia ашиглаж газар дээр нь хүсэлтийг нь гаргуулж хамт шалгах алхам. Мөн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, лавлагааг хуурамчаар үйлдэх эрсдэлтэй тул энэ платформоор газар дээр нь хүсэлт илгээж лавлагааг авч шалгаснаар гэмт хэргийн хохирогч болох эрсдэлээс найдвартай хамгаалагдах юм" гэж зөвлөлөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!