Уншиж байна ...

Д.Мөнхбаатар: Хотула аппликэйшнд “Тавантолгой түлш” цэс нэмсэн. Айл өрхүүд коксон түлшний урьдчилсан захиалгаа өгөх боломжтой

Д.Янжиндулам, ikon.mn
5 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн хэмжээнд гэр хорооллын айл өрхүүд гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зөвхөн Хотула аппликейшн болон иргэний үнэмлэх ашиглаж коксон түлш худалдан авахаар болсон.

Уг асуудлаар Нийслэлийн Агаар, Орчны Бохирдолтой Тэмцэх Газрын дарга Д.Мөнхбаатар “Гуравдугаар сарын 1-нээс “Сайн” карт ашиглахыг зогсоож, түлш худалдан авахад зөвхөн Хотула аппликэйшн болон иргэний үнэмлэх ашиглана.

Хотула аппликэйшнд “Тавантолгой түлш” гэсэн шинэ цэс нэмсэн. Ингэснээр айл өрх, иргэд түлшнийхээ хэрэглээг хянах, ойролцоох борлуулалтын цэг, цэгүүд дэх түлшний нөөцийг харах, түлшний урьдчилсан захиалгаа өгөх боломжтой.

Тус аппликэйшныг ашигласнаар түлш зорилтод иргэдэд хүрч, давхар ашиглаж дамлан зарах зэрэг асуудлуудыг зогсооход тусална” гэж мэдээллээ.

Хэрэглэгчид уг аппликэйшнийг гар утсандаа татан авч, бүртгэлээ хэрхэн баталгаажуулах зааврыг авахыг хүсвэл "Тавантолгой түлш" ХХК-ийн 7011-9400 болон 7272-9200 дугаарын утсанд хандахыг зөвлөв.