Уншиж байна ...

О.Цогтгэрэл: Засгийн газрыг огцруулахад шаардлагатайгаас олон гарын үсэг цугласан. Бидний шаардлага хэвээр байгаа

А.Төгөлдөр, iKon.mn
3 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ардчилсан Намын удирдлагууд Пүрэв гараг бүр зохион байгуулдаг хэвлэлийн бага хурлаа цаг үеийн холбогдолтой мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

“Засгийн газрыг огцруулах бичгээ өргөн барих хэвээрээ юу, жагсаалтын гишүүдэд нам нь хариуцлага тооцдог болох дээр ямар байр суурьтай байна вэ” гэх асуултуудад тус намын дарга О.Цогтгэрэл дараах хариултыг өглөө.

АН-ын дарга О.Цогтгэрэл “АН-ын зүгээс намрын чуулганы төгсгөлөөр Засгийн газрын үйл ажиллагаа шаардлага хангахгүй байна гэж үзээд огцруулах гарын үсэг цуглуулж эхэлж байгаа тухайгаа мэдээлсэн. Одоогоор Засгийн газрыг огцруулахад шаардлагатайгаас дээш хэмжээний гарын үсэг цуглуулаад байна. Эрчим хүч, боловсролын салбарын нөхцөл байдлаас харахад Засгийн газар бүхлээрээ чадамжгүй болсон гэдэг нь харагдаж байна. Бидний энэ шаардлага хэвээр байгаа.

Жагсаалтын гишүүдийн тухайд, ер нь УИХ-ын гишүүн сонгогдож болсон юм чинь хариуцлага, сахилгатай ажиллах ёстой. Манайд бас ийм асуудал гараад тодорхой гишүүдэд сануулга өгсөн.

Жагсаалтын гишүүд болон УИХ-ын гишүүний сахилга хариуцлагатай холбоотой хуулийн төсөл орж ирвэл бид нухацтай ярилцана" гэв.