Уншиж байна ...

Г.Ууганбаатар: Сүүлийн 10 жилийн хугацаанд хурдан мориноос унаж 46 хүүхэд амь насаа алдсан

П.Сайнжаргал, IKON.MN
5 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зарим аймагт хурдан морины уралдаан зохион байгуулсантай холбоотойгоор Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-оос хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл өглөө. 

Сүүлийн 10 жилийн хугацаанд /2014-2024 он/ Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын мэдээллээр нийт 46 хүүхэд хурдан мориноос унаж нас барсан байна. Үүнээс хориглосон хугацаанд буюу арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд 22 хүүхэд хурдан мориноос унаж нас барсан.

Дээр дурдсан хугацаанд 52 хүүхэд мориноос унаж гэмтлийн зэргээ тогтоолгосныг ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар хэллээ. 

Энэ талаар тэрбээр "ХЭҮК-ын онцгой анхаарч ажилладаг чиглэлийн нэг нь хүүхдийн эрхийн асуудал. Өвөл, хаврын хурдан морины уралдаан болж эхэлж байгаа энэ цаг үед хүүхдийн эрхийн асуудлыг ярилцах нь зүйтэй.

Сар шинийн баярын өмнө хөдөө орон нутагт хурдан морины үсэргээ сунгаа болж эхэлсэн. Үүнд ХЭҮК-оос тогтмол хяналт тавьж, холбогдох баримт тайлбаруудыг гаргуулж ажиллаж байна. 

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан үсэргээ сунгааг зохион байгуулахыг хориглосон байдаг. Энэхүү тогтоолд 2025 оны нэгдүгээр сарын 29-нд өөрчлөлт оруулсан.

Тодруулбал өвөл, хаврын хурдан морины уралдаанд 18 хүртэлх насны хүүхдийг хурдан морь унуулахыг хориглоно гэсэн өөрчлөлтийг оруулсан байдаг.
 
Арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, үсэргээ сунгаа хийж болох боловч 18 насаар хязгаарласан эрх зүйн хэм хэмжээг тогтоосон байдаг.

Өнөөдөр Монгол Улсад үйлчилж байгаа Засгийн газрын тогтоолоор өвөл, хаврын хурдан морины уралдаан зохион байгуулж болно. Гэхдээ дээр дурдсан хугацаанд хурдан морины үсэргээ сунгаанд хүүхэд оролцуулахгүй. Үүнээс үүдэлтэй хүүхэд бэртэж гэмтэх, хөгжлийн бэрхшээлтэй болох цаашлаад амь насаа алдах харамсалтай тохиолдлууд гарсаар байна.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд сар шинийн баярын өмнө Хөвсгөл аймгийн Галт суманд хурдан морины ажил хийж байсан унаач хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Мөн цагаан сарын баярын өмнө Төв аймгийн Сэргэлэн суманд хурдан морины үсэргээ болсон.Үүнтэй холбоотой Төв аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газрын зүгээс хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байгаа.

Дээр дурдсан хориглосон хугацаанд харьяалах нутаг дэвсгэрт нь хурдан морины үсэргээ сунгааны шинжтэй үйл явдал болсон Засгийн газрын тогтоолыг орон нутагтаа хангаж ажиллаагүй үндэслэлээр нэр бүхий зургаан аймгийн 11 сумын Засаг даргад хариуцлага тооцох Комиссын гишүүний шаардлагыг хүргүүлээд хэрэгжилтийг нь хангуулсан" гэлээ.