Уншиж байна ...

"Цагдаагийн алба хаагчдын хүний эрхийн мэдрэмжийг дээшлүүлэх тал дээр цаасан дээр биш бодитой ажил хийх хэрэгтэй байна"

М.Батчимэг, ikon.mn
4 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2025 онд Цагдаагийн ерөнхий газрын харьяа нийт 19 газар, хэлтсийн 32 объектод урьдчилан сэргийлэх хяналт шинжилгээ хийж, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний 16 зөвлөмжийг холбогдох газар, хэлтэс, албан тушаалтанд хүргүүлсэн талаар өнөөдөр Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас мэдээллээ. 

Уг асуудлыг нэг мөр таслан зогсоох зорилгоор тодорхой хуулийн өөрчлөлтүүдийг оруулах санал хүргүүлж шийдвэрлүүлсэн байна. Тухайлбал 2025 оны 77-р тогтоолоор эрүү шүүлт тулгах гэмт хэрэг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийг хараат бусаар хянан шалгах бүтэц байгуулахыг Засгийн газарт үүрэг болгоод байгаа аж. 

Түүнчлэн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас иргэний эрх, эрх чөлөөг зөрчиж буй асуудалд хуулийн байгууллага өөрсдийн алба хаагчид дээрээ ажиллах хэрэгтэй. Дарга удирдлагынхаа орон тоог бууруулж иргэдтэй харилцах алба хаагчдын тоог нэмэгдүүлж тэднийхээ хүний эрхийн мэдрэмжийг дээшлүүлэх ажлыг цаасан дээр биш бодитой ажил хийх хэрэгтэй байна гэв. 

2025 онд 51 зөвлөмж, 2026 он гарсаар Монгол Улсын Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга болон Цагдаагийн ерөнхий газрын дарга, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн даргад тус тус зөвлөмж хүргүүлжээ. Зөвлөмжийг биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн, хангалтгүй хэрэгжүүлсэн 23 албан тушаалтанд хуулийн дагуу хариуцлага тооцуулах. 2026 оны нэгдүгээр сард Увс аймгийн Цагдаагийн газрын даргад хариуцлага тооцуулах саналыг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд ЦЕГ-ын даргад хүргүүлээд байгаа аж. 

СХД-т хийсэн хяналт шалгалтаар цагдаагийн алба хаагч эрүү шүүл тулгаж буй дараах үйлдэл тогтоогджээ. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс иргэн М-ийн эрхийг цагдаагийн алба хаагч ноцтой зөрчсөн байж болзошгүй мэдээлэл 2026 оны 2 дугаар 4-ний өдрийн албан бичгээр ирсэн байна. Улмаар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хяналт шинжилгээ хийж ажиллажээ. 

Хяналт шинжилгээгээр 2026 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тус хэлтсийн алба хаагч Б.Б нь иргэн Б.М-ийн бие, эрх чөлөөнд нь халдаж, гэмт хэрэг үйлдсэн гэж хэрэг хүлээлгэх зорилгоор цагдаагийн хэлтсийн үүдэн хэсэгт айлган сүрдүүлж, дарамталж, толгой тус газарт 6 удаа цохиж, шилбэ хэсэгт 5 удаа өшиглөж, бусад хэлбэрээр хэрэглэх, хүнийг бусармаг, доромжлон харьцахаар хүний нэр төрийг доромжилсон байж болзошгүй ноцтой хүний эрхийн зөрчил, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдэл тогтоогдсон байна.