Уншиж байна ...

"Оюутан цэрэгт иргэн хүн ямар байх ёстой зэргээр эх оронч үзлийг төлөвшүүлнэ"

М.Батчимэг, ikon.mn
26 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах хүсэлтэй оюутан, суралцагчийг 2026 оны 03 дугаар сарын 01-10-ны өдрийг хүртэл (10 хоног) цахим үйлчилгээний портал “E-Mongolia” системээр бүртгэх юм байна. 

Энэ жил Оюутан цэрэгт 13 мэргэжлээр сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулжээ. 

4-р сарын 1-нээс 6-р сарын 1 хүртэл дөрвөн төрлийн хичээлээр онолын бэлтгэл сургалт явагдах юм байна. Дараа нь ерөнхий шалгалт өгч 60-аас дээш оноо авсан оюутнууд мэргэжлийн бэлтгэлд 6-р сарын 15-наас 8-р сарын 15-ны өдөр хүртэл сургалтад хамрагдах ба өөрийн сурч байсан мэргэжлийн дагуу цэргийн бага мэргэжил эзэмших юм байна.  

Мөн энэ жил иргэн хүн ямар байх ёстой зэргээр эх оронч үзлийг төлөвшүүлэх ажлыг системтэйгээр өдөр бүр хэрэгжүүлэх аж.  

Сургалтад бүртгүүлэх оюутан, суралцагч нь дараах шаардлагыг хангасан байна.

  1. Магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагын 1, 2, 3 дугаар дамжаанд, эсхүл мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцдаг байх;
  2. 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх
  3. Эрүүл мэндийн даатгалын шимтгэл сүүлийн 1 жилд төлсөн байх
  4. Сурлагын голч дүн 2.8 ба түүнээс дээш байх. (тухайн хичээлийн жилийн нэгдүгээр улирлын сурлагын голч дүн)
  • Магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагын 1-3 дугаар дамжааны оюутан цахим үйлчилгээний портал “E-Mongolia” системд цахимаар бүртгүүлнэ.
  • Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага (политехникийн коллеж, МСҮТ)-ын суралцагч нь сургалтад хамрагдах хүссэн өргөдөл, сургалтын төвийн тодорхойлолт, сургалтад хамруулах тухай зөвшөөрөл, дүнгийн хүснэгтийг бүрдүүлэн харьяалах аймаг, нийслэл (дүүрэг)-ийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт биечлэн бүртгүүлэх юм байна. 

Боловсролын яам болон E-Mongolia академитай хамтран сургалтын бүртгэл, оюутан, суралцагчдын нэгдүгээр улирлын голч дүнг цахим системд оруулан ажиллаж байгааг Орон нутгийн хамгаалалт, дайчилгааны газраас мэдээллээ. 

Өнгөрсөн 11 жилийн хугацаанд “Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтад 10 мянга гаруй иргэнийг цэргийн хэрэгт сурган, эх орноо хамгаалах бэлтгэлтэй болгож, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах, өөрийгөө хамгаалах чадварыг бэхжүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, дайчилгааны бэлтгэл нөөцийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан байна.