Хилийн чанадад ажиллаж, амьдарч буй иргэдэд орон сууцны зээл олгох гарцыг Монголын ипотекийн корпораци, “Сэндли ББСБ” ХК хамтран бүрдүүлэхээр боллоо. Дээрх ажлын хүрээнд “МИК ОССК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга, “Сэндли ББСБ” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Наранбат нар хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр /2026.02.16/ гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичгийг байгуулснаар Монголдоо орон сууц худалдан авах хүсэлтэй иргэд “Сэндли ББСБ” ХК-аар дамжуулан, ам.долларын төлөлттэй орон сууцны ногоон зээл авах боломж бүрдэж буй юм. Уг зээлийг эхний ээлжид хотын шинэ суурьшлын бүс болох Яармагт баригдаж буй “Неосити” хотхонд орон сууц худалдан авах иргэдэд олгох юм.
“Сэндли ББСБ” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Наранбат: “Гадаадад байгаа иргэдийн хувьд монголдоо байгаа иргэд шиг сар бүр төлөлтөө хийгээд, эх орондоо байртай болох боломж хомс байдаг. Бид үүнийг хамтран шийдэж, монголчууддаа уян хатан нөхцөлтэй зээлээр байр авах боломжийг бүрдүүлж байна. Цаашлаад Монгол Улсын эдийн засагт гадаад валютын тогтвортой урсгалыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм” гэдгийг онцоллоо. 2023 оны байдлаар 211 мянга гаруй монгол иргэн хилийн чанадад ажиллаж, амьдарч буй албан ёсны тоон мэдээлэл байна.
Санамж бичгийн хүрээнд “Сэндли ББСБ”-ын олгосон орон сууцны ам.долларын зээлийн багцыг МИК ОССК худалдан авах нөхцөлийг тохирсон байна. Талууд цаашид хамтран ажиллахдаа зээлийн багцыг шууд болон Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг Монголын хөрөнгийн бирж, OTC арилжааны зах зэргээр дамжуулан олон төрөлт хувилбараар хэрэгжүүлэхээр харилцан тохиролцлоо. Энэхүү хамтын ажиллагаа амжилттай хэрэгжвэл цаашид санхүүжилтийг дүнг нэмэгдүүлж, орон сууцны бусад төслийг хамруулах боломжтой юм.
Дээрх ажлын эхлэл болж “Неосити” төслийн баг, “Сэндли ББСБ” ХК-ийн төлөөллүүд шинийн таван буюу 2 дугаар сарын 22-нд БНСУ-ын Сөүл хотод, 3 дугаар сарын сүүлээр Австрали улсын Сидней хотод очиж монголчуудтай уулзах юм байна. Уулзалтаар эх орондоо зээлээр орон сууц худалдаж авах боломж, “Неосити” төслийн талаар мэдээлэл өгч, танилцуулах аж.
“Сэндли ББСБ” ХК (MSE: SEND) нь 2015 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд финтект суурилсан Sendly олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг 2020 онд нэвтрүүлсэн. Мөн 2022 онд компанийнхаа 29.97 хувийг олон нийтэд санал болгож нээлттэй хувьцаат компани болсон. Одоогоор Сэндли нь БНСУ, Япон, Хятад, АНУ, Австрали, Европын холбооны орнууд зэргээс Монгол Улс руу мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлж байна. “Сэндли ББСБ” нь бие даан орон сууцны зээл олгож, сар бүрийн эргэн төлөлтийг өөрийн мөнгөн гуйвуулгын дэд бүтцээр дамжуулан хүлээн авах боломжтой юм байна. Одоогоор “Сэндли ББСБ” нь 125 тэрбум төгрөгийн актив хөрөнгөтэй, 104 тэрбум төгрөгийн зээлийн багцтай, 42 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна.
Неосити хотхон нь 2400 айлын орон сууц бүхий цогц төлөвлөлттэй бүтээн байгуулалт бөгөөд нэг жилийн орчмын хугацаанд сургууль, авто зам, ногоон байгууламж, үйлчилгээний талбай зэрэг дэд бүтцээ бүрэн шийджээ. Тодруулбал, Шинэ Монгол–3 сургууль ашиглалтад орж, өдгөө 500 гаруй хүүхэд суралцаж байна. 1.3 км авто зам, бие даасан ус, дулаан дамжуулах төв нь ашиглалтад орсон.
Эхний ээлжийн 2 орон сууц бүрэн ашиглалтад орж, оршин суугчид нь амьдарч эхэлсэн. Энэ онд нийт 6 блок орон сууцны барилгыг барьж дуусгахаар ажиллаж байна. Мөн Монгол Улсаас анх удаа АНУ-ын Ногоон барилгын зөвлөлийн LEED сертификат хүртсэн төсөл болжээ. “Неосити” болон “Сэндли ББСБ” нь хоёулаа “Монголын финтек групп” ХК-ны хөрөнгө оруулалттай тул хамтын ажиллагааг хурдтайгаар эхлүүлж байна.
Монголын ипотекийн корпораци нь (MSE: MIK) орон сууцны хоёрдогч зах зээлд үйл ажиллагаа явуулж арилжааны банкнуудын олгосон орон сууцны зээлийг худалдан авч үнэт цаасжуулдаг орон сууцны хөнгөлөлтэй зээлийн хөтөлбөрийн гол оролцогч юм. Хөтөлбөрийн хүрээнд 2013 оноос хойш 131 мянга орчим иргэний 8,5 их наяд төгрөгийн зээлийг үнэт цаасжуулжээ.
2024 оны 1 дүгээр сард 225 сая ам.долларын “Хулан” бондыг олон улсын зах зээл дээр арилжаалсан ба энэ нь олон улсын хөрөнгийн зах зээлээс амжилттай татан төвлөрүүлсэн 3 дахь бонд юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!