Уншиж байна ...

2026 оны нэгдүгээр сард улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 425.1 тэрбум төгрөгийн алдагдалтай гарав

Г.Мөрөн, iKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2026 оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 78.2 тэрбум төгрөг буюу 4.5 хувиар өсжээ.

Тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 1.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 37.4 тэрбум төгрөг буюу 2.2 хувь өссөн байна.

Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2026 оны нэгдүгээр сард 2.1 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 425.1 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлэв.

Улсын төсвийн орлогын дийлэнх хувийг бүрдүүлдэг татварын нийт орлого 2026 оны нэгдүгээр сард 1.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос есөн хувиар буюу 135.8 тэрбум төгрөгөөр өслөө. Энэхүү өсөлтөд нийгмийн даатгалын орлого 16.5 хувь буюу 54.2 тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 58.5 хувь буюу 173.3 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин онцгой албан татварын орлого 50 хувь буюу 56.9 тэрбум төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 71.8 хувь буюу 68.6 тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 3.4 хувь буюу 4.9 тэрбум төгрөгөөр тус тус буурав.