Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчид 2026 оны нэгдүгээр сард 1.6 сая хүн болж өмнөх оны мөн үеэс 4.3 хувиар буурсныг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Харин олгосон халамжийн тэтгэмж, тусламж үйлчилгээ, хөнгөлөлтийн хэмжээ нэгдүгээр сард 195.9 тэрбум төгрөг болж 5.4 хувиар нэмэгдсэн байна.
Энэ оны нэгдүгээр сард Эрүүл Мэндийн Даатгалын Сангийн орлого 176.2 тэрбум төгрөг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багцын зардал 171.8 тэрбум төгрөг болжээ. Үүнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад орлого 13.5 хувь, зардал 37.7 хувиар тус тус буурсан дүнтэй гарсан байна.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багцын зардал буурахад эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал 34.8 хувиар буурсан нь голлох нөлөөг үзүүлжээ.
Нийгмийн Даатгалын Сан (НДС)-гийн орлого 2026 оны нэгдүгээр сард 585.7 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 10.5 хувиар өссөн байна.
НДС-гийн орлогын өсөлтөд тэтгэмжийн даатгалын сангийн орлого 25.8 хувиар, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн даатгалын сангийн орлого 27.9 хувиар өссөн нь голлох нөлөөг үзүүлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!