”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, тус жагсаалтад нийцүүлэн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Мөн гэр бүлийн хамтын хэрэгцээний болон хуульд заасан бусад зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах хүсэлтийг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тухай бүр тусгаж, шуурхай шийдвэрлэж ажиллахыг даалгалаа.
Энэхүү шийдвэр нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь түргэн, шуурхай шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцлов.
Тогтоол батлагдсанаар нийслэл, 21 аймгийн хэмжээнд 35 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын асуудлыг шийдвэрлэх боломжтой. Цаашид нийслэл, сум, дүүрэг уг тогтоолд тусгагдсан байршил, зориулалт, хэмжээний хүрээнд газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө тухай бүр тодотгол оруулах замаар газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг орон нутагт нь цаг алдалгүй, шат дамжлагагүй, шуурхай шийдвэрлэх боломж бүрдлээ.
Эх сурвалж: Монгол Улсын Засгийн Газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!