Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Бага тойрогт байрлах хуучны 26 дугаар орон сууцыг 14 хоногийн өмнөөс буулгажээ.
Гэвч нэг айлтай зөвшилцөлд хүрээгүйн улмаас орон сууцыг нь нураалгүй үлдээсэн болохыг албаны эх сурвалж мэдээлэв. Тус орон сууц 57 иргэн, ААН-ийн өмчлөгчтэй байна. Үүнээс 56 айлын орон сууцыг буулгажээ.
Энэ тухай "Улаанбаатар орон сууцжуулалт ХК"-ийн Захиргааны хэлтсийн дарга Б.Пүрэвсүрэнгээс тодруулахад "Уг орон сууц нь 1954 онд ашиглалтад орсон бөгөөд 2019 онд нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас хүн амьдрах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Ийнхүү Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу орон сууцны барилгыг дахин төлөвлөлтөд оруулж, буулгах, дахин барих төслийн тендерийг Үнэлгээний хорооноос нээлттэй тендер зарласан. Тендерт нэг компани буюу "Азийн идэр цамхаг" ХХК оролцож шалгаран 26 дугаар байрны төлөөллүүд болон Үнэлгээний хорооны үнэлгээгээр 60-аас дээш оноо авч, гурван талт гэрээг байгуулж эхэлсэн юм.
Гэрээ байгуулах явцад зөрүү м.кв-ийг худалдан борлуулах, түрээсийн урамшуулалтай холбоотой санал хүсэлтийг иргэдээс ирүүлсний дагуу тухайн орон сууцыг дахин барих компанийн хамт олон болон Орон сууцжуулалт ХК, иргэдийн төлөөллийн хамтарсан гурван талт уулзалтыг зохион байгуулж эргэлзээтэй байгаа асуултуудад хариулт өгч, зөвшилцсөн. Энэ үеэр иргэд нэг ойлголттой болж гэрээ байгуулах ажил эрчимжиж, орон сууцнаасаа гарсан юм. Гэрээ байгуулаагүй нэг айлын байрыг буулгаагүй үлдээсэн. Тухайн иргэн дахин төлөвлөлтийн төслийн тендерт "Азийн идэр цамхаг" ХХК сонгон шалгаруулсан явц нь хууль бус гэх агуулгатай гомдлыг Захиргааны хэргийн шүүхэд гаргасныг өмгөөлөгч нар нь хэлсэн. Өөр ямар нэгэн тайлбар тавиагүй.
Гэвч гэрээ байгуулж, орон сууцнаасаа гарсан 56 иргэний зүгээс шинэ орон сууцаа хугацаанд нь ашиглалтад оруулахын тулд үлдсэн нэг айлтай гэрээ байгуулж хурдлуулах шаардлагыг бидэнд тавьж байгаа. Уг нь уг орон сууцыг 2025 оны есдүгээр сард буулгасан байхаар төлөвлөсөн юм. Харин гүйцэтгэгч компаниас санхүүгийн хохиролд ороод байна гээд байгаа юм. Ийм л нөхцөл байдал үүсээд байна.
Эцсийн мөч хүртэл тухайн иргэнтэй тохиролцох оролдлогоо хийсээр байна. Шүүх нухацтай шийдвэр гаргана гэдэгт итгэж байна" хэмээн тайлбарлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!