Трампын засаг захиргааны сүрдүүлэг дор хэдэн сарын турш байсан Куба улс ямар нэг “дарамт шахалтгүй”-гээр АНУ-тай яриа хэлэлцээ эхлүүлэхэд бэлэн байгаагаа өчигдөр мэдэгджээ.
Пүрэв гарагт тус улсын 65 настай ерөнхийлөгч Диаз-Канел хэдийгээр “гүтгэлэг, үзэн ядалт, сэтгэл зүйн дайны эрчимтэй кампанит ажлын бай болсоор ирсэн” ч “ямар нэг дарамт шахалт, урьдчилсан болзолгүйгээр АНУ-тай ямар ч сэдвээр яриа хэлэлцээ эхлүүлэхэд бэлэн” байгааг мэдэгдсэн байна.
1959 оны хувьсгалын үеэр авхуулсан Фидел Кастрогийн гартаа буу барьсан том зургийн өмнө хийсэн түүний мэдэгдлийг өчигдөр телевиз, радио, YouTube сувгаар цацжээ.
Нэгдүгээр сарын 3-ны өдөр Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсан ажиллагааны дараа Куба улсад үзүүлэх АНУ-ын шахалт улам эрчимжсэн юм.
Ням гарагт ерөнхийлөгч Трамп сэтгүүлчидтэй уулзахдаа “Куба бол дампуурч буй улс. Энэ байдал нь удаан хугацаанд үргэлжилсэн ч одоо Венесуэлийн дэмжлэг байхгүй болсон. Тиймээс бид одоо Кубын хамгийн өндөр албаны хүмүүстэй ярилцаж байгаа. Кубатай ойлголцож чадна гэж би бодож байна” гэж хэлж байв.
Кубад газрын тос зардаг орнуудад худалдааны хориг арга хэмжээ авах захирамжид Трамп өнгөрсөн сард гарын үсэг зурсан юм.
Сүүлд тэр Мексик улс Кубад газрын тос нийлүүлэхээ зогсоохоор болсныг зарлаж байлаа.
Куба улсын эдийн засаг Венесуэл, Мексик улсуудын нийлүүлдэг газрын тосны бүтээгдэхүүн дээр тогтдог.
Өчигдөр хэлэхдээ Диаз-Канел “Эрчим хүчний хавчлага, санхүүгийн хавчлага, эдгээр албадлагын бүх арга хэмжээнүүдийн тусламжтай эдийн засгийн хориг эрчимжиж байгаа тул эдгээрийг даван туулахын тулд бид маш хүчтэй, маш бүтээлч, маш ухаалаг байх ёстой болж байна” гэж мэдэгджээ.
Тэр мөн Орос, Хятад зэрэг дэлхийн олон улс орнууд Кубын ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж буйг энэ үеэр онцолсон байна.
Гэвч түүний мэдэгдлийн өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа Кубын гадаад хэргийн дэд сайд Карлос Фернандес де Коссио “Энэ нь тийм амар байхгүй. Засгийн газар, нийт хүн ам маш хэцүү байдалд байна” гэж хэлжээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!