Тайландын Бангкок хотын цагдаа нар хууль бус барааг шуудангаар илгээх зорилготой байсан гурван монгол иргэнийг саатуулжээ.
Тус улсын Хар тамхитай тэмцэх хэлтсийн ажилтнууд өнгөрсөн нэгдүгээр сарын 9-нд хотын Шинэ Петчабури гудамжинд байрладаг тээврийн компанийн хүлээн авах танхимд нэгэн сэжигтэй бараа илрүүлжээ.
Хууль сахиулагчид "сэжигтэй" илгээмжийг шалгахад ойролцоогоор 150 грамм "мөс" нуусан болохыг илрүүлсэн байна.
Гэмт этгээдүүд мансууруулах бодисыг гэр ахуйн цахилгаан хэрэгсэлд түгээмэл ашиглагддаг конденсатор дотор нуусан болохыг тогтоожээ. Конденсаторт цахилгаан цэнэг болон цахилгаан энерги хуримтлагддаг аж.
Гэхдээ сэжигтнүүд доторх эд ангийг нь салгаад оронд нь метамфетамин нунтаг буюу мөс нуусан бололтой.
Илгээмжийг хүлээн авах хаягт Монгол гэж байсан тул мөрдөгчид илүү өргөн хүрээнд шалгалтын ажиллагаа явуулсан байна. Улмаар цагдаагийнхан энэ хэрэгт 46 настай монгол эрийг сэжиглэжээ. Хууль сахиулагчид түүнийг илгээмж явуулахдаа өөр иргэдийн гадаад паспорт ашигладаг, баригдахаас сэргийлэн байршлаа тогтмол сольдог болохыг тогтоосон юм.
Ингээд хоёрдугаар сарын 2-нд буюу өнгөрсөн Даваа гарагт Сой Сукхумвит 36 дугаар гудамжинд байдаг зочид буудлын өрөөнд өөр хоёр Монгол иргэнийн хамт саатуулсан байна. Буудлын өрөөнд нэгжлэг хийхэд 244 грамм мөс, мөн мансууруулах бодисыг хууль бусаар хилээр гаргахад ашигладаг байж болзошгүй электрон эд анги илрүүлжээ.
Одоогоор хэрэгт холбогдсон гурван иргэнийг баривчилж, цагдан хорьсон байна. Тэднийг өөр хүмүүстэй хамтарсан эсэхийг тогтоохоор хууль сахиулагчид шалгаж буй.
Сэжигтнүүдийг Тайландын Мансууруулах бодисын тухай хуулийн 145 дугаар зүйлд зааснаар хар тамхи үйлдвэрлэсэн, түгээсэн, хадгалсан хэргээр яллаж байна. Энэ төрлийн гэмт хэрэгт таван жил хүртэлх хугацаагаар хорих, 1.5 сая тайланд бат хүртэлх мөнгөн торгууль оноодог.
Эх сурвалж: ThaiGer
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!