Уншиж байна ...

Т.Жамбаажамц: Даатгалын баталгааг ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт хэрэгжүүлэх боломжтой

П.Сайнжаргал, IKON.MN
1 цаг 52 минутын өмнө
ikon.mn
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Даатгагчийн баталгаа- Итгэлцэл ба хөгжил” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр Туушин зочид буудалд зохион байгууллаа. 

Хэлэлцүүлгийн үеэр талууд даатгагчийн баталгааны өнөөгийн байдал ба цаашдын чиг хандлага, боломжийн талаар бодит шийдэлд чиглэсэн санал солилцсон юм. 

Мөн баталгааны зах зээлийг тогтвортой, хариуцлагатай хөгжүүлэх зорилгоор 16 даатгалын компани нэгдэн Хамтын зөвлөл байгуулсан нь салбарын хувьд онцлох үйл явдал болсныг тодотгов. Тодруулбал даатгагчдын хамтын удирдлагын бүтцэд дараах даатгалын компани багтжээ. 

Үүнд:

  • Ард даатгал 
  • Амар даатгал
  • Мөнх даатгал 
  • Mongolian Re Үндэсний давхар даатгал 
  • Номин даатгал 
  • Хаан даатгал
  • Agula даатгал 
  • МИГ даатгал 
  • Практикал даатгал 
  • Бодь даатгал 
  • Улаанбаатар хотын даатгал
  • Иншүрко даатгал 
  • Мандал даатгал
  • Тэнгэр даатгал
  • National life даатгал 
  • Агис даатгал

Дээрх компаниудаас бүрдсэн хамтын зөвлөл нь нэгдсэн стандарт, дотоод журам боловсруулах, эрсдэлийн үнэлгээ, хяналтын аргачлалыг сайжруулах, зах зээлд шударга өрсөлдөөн бий болгох, төрийн байгууллагуудтай уялдаа холбоо ойлголтыг нэгтгэх, олон улсын даатгалын туршлагыг нутагшуулах чиглэлээр ажиллаж, баталгааны зах зээлийг эрүүл суурьтай хөгжүүлэх зорилготой аж.

Энэ удаагийн хэлэлцүүлэгт санхүү, даатгалын салбарын оролцогчид, төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл оролцож дараах байр суурийг илэрхийлсэн юм. 

"Даатгалын баталгааны зохицуулалт илүү уян хатан болсон"



Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц: УИХ-аас 2022 оны арванхоёрдугаар сард Даатгалын тухай хуульд томоохон өөрчлөлт оруулсан байдаг. Энэхүү өөрчлөлтийн хүрээнд даатгалын салбар, даатгагчийн баталгаа хэмээх шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлээд хоёр жил болж байна.

Өмнө нь компаниуд тодорхой ажил үйлчилгээ хийхээр тендерт ороход банкны баталгаа шаарддаг байсан. Улмаар холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт орсноор даатгалын компаниуд урьдчилгаа төлбөр, гүйцэтгэл, тендерийн баталгааг хариуцдаг болсон. Энэ бүтээгдэхүүн 2024 онд дөнгөж эхэлж байх үедээ жилийн 22 тэрбум төгрөгийн баталгааг даатгалын таван компани хийж байсан. 

Тэгвэл өнгөрсөн 2025 онд нийт 611 тэрбум төгрөгийн баталгааг даатгалын 10 компани хийжээ. Тодруулбал 1,200 орчим компани, ААН банкнаас гадна даатгалаас баталгаагаа хангаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ авах тухай хуулийн хүрээнд улсын тендерт орж, даатгалын баталгааг шийдээд явж байгаа.

Санхүүгийн зохицуулах хорооноос 2025 оны арванхоёрдугаар сард Даатгалын баталгааны зохицуулалтыг уян хатан болгосон. Эрсдэл багатай санхүүгийн шинэ бүтээгдэхүүн болсон учраас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард даатгалын баталгаа гаргах хэмжээг нь 4-5 дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.

Иргэд, ААН-үүд зөвхөн банкны баталгаанаас гадна даатгалын баталгааг авч хэрэглэвэл хурдан шуурхай, хоёрдугаарт банкны баталгаатай харьцуулахад зардал нэлээд бага.

Ипотекийн зээлийн урьдчилгааг шууд төлөхөд нэлээд асуудал тулгардаг. Өөрөөр хэлбэл 30-аас доошгүй хувийн урьдчилгааг нь заавал төлсний үндсэнд үлдсэн 70 хүртэлх хувь дээр нь зээл авдаг зохицуулалт хэрэгжиж байгаа.

Тэгэхээр даатгалын баталгааг ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт хэрэгжүүлж болох юм. Өөрөөр хэлбэл урьдчилгаа төлбөрөө төлж чадахгүй зээл авах иргэн даатгалын баталгаагаар асуудлаа шийдэх боломжтой.

"Санхүүгийн дарамтыг бууруулж, банкнаас хямд өртөгтэй үйлчилгээг нэвтрүүлэхээр даатгалын баталгааг бий болгосон"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн: Банкны салбарыг даатгалын салбартай илүү өрсөлдөхүйц хэмжээнд гаргаж ирэх үүднээс хуулийн төслийг боловсруулж байсан. 

Нөгөө талдаа хувийн хэвшил болон иргэдэд учирч буй санхүүгийн ачаалал дарамтыг бууруулж, банкнаас илүү хямд өртөг бүхий үйлчилгээг шинээр нэвтрүүлэх зорилгоор "Даатгалын баталгаа"-г бий болгосон байдаг. 

Нэн тэргүүнд орон сууц, ипотекийн зээлд ашиглах эрхийг нь хуулийн өөрчлөлтийн хүрээнд бий болгож өгсөн. 

200 сая төгрөгийн байр авах хүн эхлээд 30 хувьтай дүйх хэмжээний урьдчилгаа төлбөрийг нэн тэргүүнд төлөх ёстой. Тэгэхээр 60 сая төгрөгийг шууд өгөх боломжгүй хүн ч бий. Харин даатгалын компанид хандвал магадгүй 20-30 дахин бага хэмжээний зардлаар даатгуулагч болоод даатгалын компани тухайн үйлчилгээ, үйл ажиллагаанд тань үнэлэлт дүгнэлт өгөх юм.

Төсөөллөөр тооцож үзвэл 5-50 сая төгрөгөөр даатгуулагч болоод эргээд урьдчилгаа төлбөрийнхөө асуудлыг бүрэн дүүрэн шийдвэрлэх боломж бололцоо бүрдсэн. 

"Эдийн засаг, бизнесийн орчныг дэмжихэд үр ашигтай"

"Ард даатгал" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Эрдэнэтулга: Хууль эрх зүйн зохицуулалтын хүрээнд 2024 оноос даатгалын компаниуд баталгаа бичиж эхэлсэн.

Даатгалын баталгааны тогтолцоо, дэд бүтэц, мэдээллийг санг бий болгох нь чухал ажил. Хоёрдугаарт даатгагчийнхаа санхүүгийн чадавхыг сайжруулах зүй ёсны шаардлага гарч байна.

Тухайн үед Монголын даатгалын компаниуд 2.3 их наяд төгрөгийн баталгааг гаргах зах зээл байсан. Иймээс даатгалын компаниуд өөрсдийн санхүүгийн чадавхаа бэлдэх нь зүй ёсны ажил болж буй. 

  • Хууль эрх зүйн зохицуулалтын хүрээнд дотоод эх үүсвэрийн баталгаагаар хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх,
  • Хөрөнгө оруулалтыг татах үйл ажиллагааг хийх,
  • Давхар даатгалын зохицуулалтыг бий болгох гэсэн гурван үйл ажиллагааг хэрэгжүүлж байж санхүүгийн чадавхаа сайжруулна.

Гуравдугаарт хамтын ажиллагаа чухал байр суурийг эзэлнэ. Төр, хувийн хэвшил, бусад салбар холбоод, төрийн төсөл хэрэгжүүлэгч захиалагч байгууллагууд, даатгалын салбар, даатгалын салбарын харилцагчид дотоод хамтын ажиллагааг дэмжих нь чухал. 

Гадаад хамтын ажиллагааны хүрээнд олон улсын баталгааны даатгалын чиглэлээр ажилладаг холбоодтой хамтарч ажиллах, олон улсад нийцсэн хэм хэмжээг бий болгох зүй ёсны шаардлага бий.

2024 онд 310 ААН баталгаа гаргаж байсан бол өнгөрсөн онд 1,300 орчим ААН баталгаа гаргалаа.

Энэ нь эдийн засаг, бизнесийн орчныг дэмжихэд үр ашигтай. ААН-үүд банканд барьцаа болгож хөрөнгөө царцааж байснаас түүнийгээ эргэлтийн хөрөнгө буюу бизнестээ чөлөөтэй ашиглах, улмаар өгөөжийг хүртэх боломжийг даатгалын салбараас бий болгож буй гэдгээрээ онцлог.

"Барьцаа хөрөнгийн дутагдалтай асуудлыг даатгал хөнгөвчилсөн"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Аркос Интернэйшнл" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Энх-Амгалан: Бид "Хаан даатгал" ХХК-тай дөрөв дэх удаагаа хамтран ажиллаж байна. 

Банкнаас зээл авч эргэлтийн хөрөнгөө санхүүжүүлэхэд зарим нэгэн дутагдалтай тал бий. Барьцаа хөрөнгийн дутагдалтай асуудалд даатгал гарч ирснээр үйл ажиллагааг нэлээд хөнгөвчилсөн. 

Түүнчлэн цахим тендерийн баталгаа болон гүйцэтгэлийн баталгаа нь даатгалын байгууллагаар явснаараа банканд өөрсдийн эх үүсвэртэй болон эх үүсвэргүй байдлаар баталгаа гаргахтай харьцуулахад шимтгэл хураамж харилцагчдад хөнгөлөлттэй. Тэр утгаараа манайх удаа дараа хамтран ажиллаж байна.

Даатгалын компаниуд туршлагажихын хэрээр хоорондоо уялдаа холбоотой аль аль талынхаа нөхцөл байдлыг харилцан ойлголцож, харьцангуй уян хатан нөхцөлтэй явж байгаа.

Зарим тоон мэдээллийг танилцуулбал, 2025 оны байдлаар баталгааны даатгалын хүрээнд 1,298 ААН хамрагдаж, нийт долоон их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй ажил, үйлчилгээний гүйцэтгэлд баталгаа гарсан байна. 

Энэхүү ажлын хүрээнд даатгалын компаниуд 113.7 тэрбум төгрөгийн баталгааг зах зээлд нийлүүлжээ. Тухайлбал тендерийн баталгаа, гүйцэтгэлийн баталгаа, урьдчилгаа төлбөрийн баталгаа, чанарын баталгаа зэрэг төрлүүдийг хамарч байна.