Уншиж байна ...

Б.Гантулга: Гэр бүлийнхнээ алдсан, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн сэтгэл санааны хохирлыг ижилхэн үнэлчихсэн

Н.Эрхбаяр, iKon.mn
1 цаг 15 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дүнжингарав худалдааны төвийн уулзварт 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан том оврын тээврийн хэрэгсэл Патрол загварын автомашинтай мөргөлдсөн осол гарснаар хүчтэй дэлбэрэлт болж, гал гарсан. Үүний улмаас долоон хүний амь нас эрстэж, бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд их хэмжээний хохирол учирсан юм.

Уг дэлбэрэлтэд амиа алдсан иргэдийн ар гэр болон эрүүл мэндээрээ хохирсон иргэд Төрийн гурван өндөрлөгт хүсэлт хүргүүлсэн боловч ямар нэгэн хариу ирүүлээгүй талаар өнөөдөр Төрийн ордны гадна мэдээлэл өглөө. 

Дэлбэрэлтийн улмаас түлэгдэж харамсалтайгаар амь насаа алдсан иргэний хүү Б.Гантулга "Би аавыгаа алдсан. Аав маань тухайн үед сантехникийн дуудлагатай явж таараад дэлбэрэлтэд өртсөн. Эмнэлэгт долоо хоноод бурхан болсон. 

Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлсэн боловч хариу өгөөгүй. Дараагийн шатанд суулт зарлана гэсэн бодолтой байгаа. 207 дугаар байрыг асуудлыг шийдэж, дараа нь буруутай этгээдээс хохирлын нөхөн төлбөрийг гаргуулж авна гэсэн. 20 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргасан гэж мэдэгдсэн. 

Бидний асуудлыг уг 207 дугаар байрных шиг шийдэхийг хүсэж байна. Тухайн үед сэтгэл санааны хохирол тогтоогоогүй атлаа 18 сарын дараа дүгнэлт гаргасанд дургүйцэж байна.

Гэнэтийн зүйл болсон учраас шокноос гарахын тулд асар их зүйл тууллаа. Манай ээж надтай хамт амьдардаг, гэртээ байхаар хань ижлээ санаад хэцүү байдаг. Би эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Сэтгэл санааны хохирол тогтоогоогүй атлаа 18 сарын дараа тест шиг юм авсан. Бүгдээрээ очоод тэр тестийг өгөхөд гэр бүлийнхнээ алдсан, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийг бүгдийг нь ижилхэн үнэлчихсэн" гэв.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав