Манай улсад 1946 онд дөрвөн спортын нийгэмлэгийн нэг болон "Цэрэг нийгэмлэг" нэртэйгээр байгуулагдсан Зэвсэгт хүчний "Алдар" спорт хороо 80 нас хүрч байна.
Түүхт ойн баяраа угтаж "Алдар"-ынхан олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь урлаг, спортын цэнгүүн байв. Монгол Бөхийн Өргөөнд зүү орох ч зайгүй олон хүн цугларч, нийт 20 шахам арга хэмжээ зохион байгуулав.
Тодруулбал тус байгууллагаар овоглодог тамирчид өөрсдөө урлагийн үзүүлбэр сонирхуулсан бол үндэсний бөхийн өнөө цагийн өнгийг тодорхойлж улсын арслан Б.Орхонбаяр, отгон наадмын түрүү бөх Э.Батмагнай нар халз барилдсан нь олны анхаарлыг татсан юм.
Тус хороо нь 80 жилийн хугацаанд мянга мянган залуус, цэрэг эрсийн бие бялдар, өв тэгш хүмүүжлийг хангахын зэрэгцээ Монгол улс, түүний Зэвсэгт хүчний нэр хүндийг олон улс, тив, дэлхий, олимпын тавцанд мандуулж ирсэн.
Тухайлбал
спортын мастер 1,350 орчмыг төрүүлсний дотор тив дэлхий, олимпын аварга шалгаруулах тэмцээнээс нийт 600 орчим медаль хүртсэн амжилтаар бусад спортын хороог манлайлж Монгол улсын спортын анхдагч тэргүүлэгч байгууллага билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!