Уншиж байна ...

"The MongolZ" баг өнөө шөнө Польшид зохиогдож буй тэмцээнээс хасагдахгүйн төлөө тоглоно

Н.Эрхбаяр, iKon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа эрэмбэлэгддэг Intel Extreme Masters Kraków-2026 тэмцээн Польш улсад энэ оны нэгдүгээр сарын 28-наас урьдчилсан шатны тоглолтуудаар эхэлсэн.

Тэгвэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 31-нээс хэсгийн шатны шилдэг 16 багийн тоглолтууд эхэлсэн бөгөөд А болон В хэсгээс тус бүрээс гурван баг сүүлийн шатанд шалгарснаар энэ тэмцээний аварга тодорно.

Нийт 1.2 сая ам.долларын шагналын сантай уг тэмцээнд дэлхийн чансааны оноогоор уригдан оролцож буй манай улсын "The MongolZ" баг өчигдөр А хэсгийн эхний тоглолтоо Европын "G2 Esports" багийн эсрэг хийж, 0:2 онооны харьцаатай ялагдал хүлээсэн.

Ингэснээр А хэсгийн доод хүснэгт рүү унаж байгаа бөгөөд өнөөдөр энэ тэмцээнээс хасагдахгүйн төлөө Бразилын "FURIA" багийн эсрэг 23:00 цагт тоглох хуваарь гарчээ. Тэд өнөө шөнийн тоглолтод заавал хожих ёстой бөгөөд хэсгийн шатанд багууд нэг удаа хожигдох эрхтэй, хоёр хожигдвол тэмцээнээ өндөрлүүлнэ.

"The MongolZ" баг сүүлийн дөрвөн учраандаа Бразилчуудыг хожиж чадаагүй байгаа. Хамгийн сүүлд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хятадын Чэнду хотноо зохиогдсон тэмцээний хасагдах шатанд оноолт таарч хожигдож байлаа.

Шинэ оны босгон дээр тав дахь тоглогчийнхоо нэрийг албан ёсоор танилцуулж, өдгөө 20 настай "cobrazera" буюу У.Анарбилэгийг эгнээндээ нэгтгэсэн тэдний хувьд өнөө шөнийн тоглолт томоохон сорилт байх болно.
зураг