Ирж буй жилдээ сайн сайхан байхыг бэлгэшээж монгол түмэн Цагаан сарын баярын таваг идээ, дээл гоёлдоо ихээхэн анхаардаг.
Баярын бэлтгэл ид өрнөж буй энэ цаг үед "Аса цирк" болон "Соёолж" төвд зохион байгуулагдаж буй үзэсгэлэн худалдаануудад дээл ямар үнэтэй байгаа талаар сурвалжиллаа.
Иргэд жилээс жилд энгийн загвар, элдэв чимэглэлгүй бөгөөд цулгуй өнгийн дээлийг илүүд үзэх болсныг худалдагч нар хэлж байлаа. Эрэгтэйчүүд даавуун дээл сонгох нь нэмэгджээ. Мөн өнгө хослуулан бүсээ бэлгэнд авах боломжтой байгаа аж. Эрэгтэй, эмэгтэй том хүмүүсийн дээлний өнгөний хувьд хөх, гүн ногоон зонхилж байв. Мөн ямар ч үед өмсөх боломжтой учраас монгол цамц, хантаазны сонголт ч өргөн байлаа.
"Соёолж" худалдааны төвийн үзэсгэлэн худалдаанд оролцож буй Налайх дүүргийн жижиг дунд бизнес эрхлэгч Д.Ариунаа "Халаастай, дан хормойтой гэхчлэн загваруудыг хүмүүс их сонирхож байна. Үнийн хувьд 350-450 мянган төгрөгийн хооронд байгаа. Хантааз, монгол цамц хослуулж өмсөх хүн ч их болсон учраас өнгө, материалын сонголт арвин. Хүмүүсийнхээ худалдан авах чадвараас хамаараад хэлэлцэж ярилцаад үнээ тохирч болно" гэж байлаа.
Уг төвд худалдаалж буй дээлний үнэ ерөнхийдөө 360-900 гаруй мянга хүртэл байсан. Тухайлбал 100 хувь хүр хорхойн торгон дээл дунджаар 900 мянга, ур хийц, хэмжээнээс хамааран нэг сая гаруй төгрөг болохоор байсан бол 70 хувийн хүр хорхойн торгон дээлнүүд дунджаар 500-750 орчим мянга байв. Энгийн торгон дан дээлнүүд загвараасаа шалтгаалан 300 гаруй мянгаар худалдаалагдаж байна. Эрэгтэй дээлний тухайд материалаасаа хамаараад 350-700 мянга төгрөгийн үнэтэй юм.
Харин эмэгтэйчүүдийн хантааз богино нь 180 мянга, урт нь 230 мянга, монгол цамц эрэгтэй хүнийх 150, эмэгтэй хүнийх 95 мянган төгрөгийн үнэтэй байна. Үүний зэрэгцээ шанх, малгай, үсний гоёлууд төрөл бүрээрээ худалдаалагдаж байна.
"Соёолж" худалдааны төвийн дараагаар "Аса цирк"-ийг зорилоо. Энд өмнөх газраас ялгаатай нь хүүхдийн цамц, дээл нэлээд өргөн сонголттой байгаа нь анзаарагдсан. Тухайлбал хүүхдийн дээлнүүд 150 мянгаас, цамц 75 мянгаас үнэ нь эхэлж байв.
Эрэгтэй болон эмэгтэй том хүний дээлнүүдийн хувьд "Соёолж" төвийнхтэй адил төстэй байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!