Италийн "Милан-Кортина"-д болох өвлийн олимп нээлтээ хийхэд 10 хүрэхгүй хоногийн хугацаа үлдлээ.
Хоёрдугаар сарын 6-наас 22-ныг дуустал үргэлжлэх цагаан олимпод оролцох тамирчид эхнээсээ Италийг зорьж эхэлсэн. Олимпын нээлтийн ёслолын гол чимэг нь тамирчдын жагсаал байдаг.
Энэ утгаараа багууд ёслолын болон бэлтгэлийн хоёр хувцас бэлддэг уламжлалтай.
Тэгвэл Италид олны нүдийг хужирлах спортын зарим их гүрний загвар ямар байхыг сонжицгооё.
Энэ жилийн Монголын шигшээ багийн ёслолын хувцсыг "Goyol Cashmare" урласан юм. Монголын баг энэ удаагийн өвлийн олимпод гурван тамирчинтай оролцоно.
Исландын хувцасны топ брэндийн нэг 66°North түүхт 100 жилийнхээ ойн хүрээнд өвлийн олимпод оролцох шигшээ багийнхаа хувцсыг бүтээсэн юм. Тэдний бүтээсэн тусгай техникийн хувцсаар тамирчид нь гоёсон бөгөөд харин тамирчдын гутлыг нь "Hoka" брэндээр чимсэн байна. 66°North анх 1926 онд байгуулагдсан. Тэд анх загасчдад зориулсан удаан эдэлгээтэй ажлын хувцас урлах зорилготой байсан юм.
Цагаан олимпод хамгийн олон буюу 232 тамирчинтай өрсөлдөх америкчууд 10 дахь олимп дараалан "Ralph Lauren"-аар гоёх юм. "Сэм авгын" олимпын загварыг танилцуулахад уран гулгагч Майа болон Алекс Шибүтани, хоккейчин Хилари Найт, Жак Хьюс, уран гулгагч Эван Байтс, Мэдисон Чок, тэшүүрчин Эрин Жэксон нарын алдартай тамирчид оролцжээ.
Зохион байгуулагч италичууд алдарт "Giorgio Armani"-гоор гоёно. Өвлийн олимпыг гурав дахь удаагаа эх орондоо зохион байгуулж буй тэд түүхэндээ хамгийн олон буюу 196 тамирчинтай өрсөлдөх аж. Өмнө нь одоогоос 20 жилийн өмнө Турины олимпод 185 тамирчин хүч сорьж байв.
Нийт тамирчдын тоогоороо АНУ-ын дараа орох канадчууд гурав дахь олимпод дараалан "Lululemon"-ы бүтээлээр гангарч байна.
Францчууд 1976 оны олимпод ашиглаж байсан загвараа дахин сэргээсэн байна.
Их Британичууд 2032 оныг хүртэл "Adidas"-тай гэрээ байгуулсан.
Хэдхэн хоногийн өмнө Казахстаны Засгийн газраас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийсэн юм. Энэ үеэр сэтгүүлчид спортын сайдаас Казахстаны шигшээ багийн хувцас яагаад энгийн байгаа талаар тодруулсан юм. Ингэхдээ сэтгүүлч Монголын шигшээ багийн ёслолын хувцсыг онцолсон аж. Энэ асуултад сайд "Манай багийн ёслолын хувцсыг эх орны брэнд бүтээж байгаа. Харин бэлтгэлийн хувцсыг Under Armour"-оор хийлгэсэн" гэж хариулжээ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!