Уншиж байна ...

"350,000 гаруй сурагчийн ирээдүйг дэнчин тавьж боловсролын салбарынхан 13 хоног ажил хаяж байж гаргасан үр дүн үгүйсгэгдлээ"

Б.Бадамгарав, IKon.mn
1 цаг 28 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Боловсролын салбарын багш, ажилтнууд 2025 онд үндсэн цалингаа 3.5 сая төгрөгт хүргэхийн төлөө шаардлага хүргүүлэх, жагсах, эцэст нь ажил хаях зэргээр шат дараатай тэмцсэний үр дүнд хамтын хэлэлцээр байгуулснаа зарлаж байв.

Гэвч бодит байдал дээр хамтын хэлэлцээрийн хэрэгжилт амласан шигээ байгаагүйг өнөөдөр мэдэгдлээ.

Учир нь боловсролын салбарынхан өмнө нь авч байсан цалингаа дордуулсан, зарим нь хасагдсан байна гэх мэдээллийг Үйлдвэрчний эвлэлдээ ирүүлжээ.

Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо(МБШУҮЭХ)-ны дарга З.Цогтгэрэл "Багш, ажилтны цалинг нэмэх биш бүр хассан юм биш үү гэх асуудлыг анхаарах ёстой болж байна

Бид бүтэн жилжин энэ үйл ажиллагааг өрнүүлсэн. Суулт, ажил хаялт зарлаж, Засгийн газрын гишүүдтэй удаа дараа уулзаж байж шийдэлд хүрсэн. Гэтэл хэрэгжилт туйлын хангалтгүй байна. 

700 гаруй байгууллага 40,000 гаруй багш, ажилтан нийгмийн баталгаагаа хангахын төлөө ажил хаялтад нэгдсэн. Бидний анхны шаардлага 3.5 сая төгрөг байсан. Энэ бол ахуй амьдралын наад захын хэрэглээгээ хангах дүн байв. Харин хоёр тал хэлэлцээр байгуулж, 2026-2027 онд энэ хэмжээнд хүргэхээр үүрэг амлалт авсан. 

Хөдөлмөрийн эрхээ хамгаалахын тулд 350,000 гаруй сурагчийн ирээдүйг дэнчин тавьж боловсролын салбарынхан 13 хоног ажил хаяж байж гаргасан үр дүн өнөөдөр үгүйсгэгдэж байна. Хууль зөрчсөн шийдвэрүүд гарчээ гэж үзэж байна. Харамсалтай.

Нэгдүгээр сарын цалинг өнөөдрийг хүртэл аваагүй байна. Цалин тавихгүй байгаа шалтгаан нь батлагдсан төсөв нь хүрээгүй. 2025 онд батлагдсан төсвөөс энэ жил буурч ирж байна. Өмнө нь авч байсан нэмэгдэл, нэмэгдэл хөлс, зарим зүйлийг үндсэн цалинд нь шингээсэн гэх зэрэг шийдвэрээс бухимдал үүсэж байгаа.

Тухайлбал

  • цалингийн бүрдэл хэсэгт юу юу багтах талаарх Хөдөлмөрийн хуулийн 103 дугаар зүйлийг зөрчсөн
  • хоолны болон нөхөн төлбөрийн асуудлын заалтыг зөрчсөн
  • ур чадварын нэмэгдлийг үндсэн цалинд шингээсэн гэснээс болж өмнө нь авч байсан ур чадвар, үр дүнгийн нэмэгдэл бүгд хасагдсан" гэв.

Ингэснээр 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс багш нарын цалин 50 хувиар нэмэгдэх боломжгүй нөхцөл үүсэж, 2025 оны хүрсэн түвшингээс буурсан гэдгийг МБШУҮЭХ-ны дарга З.Цогтгэрэл мэдэгдээд "Үүсээд буй асуудлуудыг дурдвал боловсрол, шинжлэх ухааны салбарынхны цалин хөлсийг нэмсэн гэх мэдээллийн араас өргөн хэрэглээний барааны үнэ өссөн. Цалин хөлс хамтын гэрээнд зааснаар олгохгүй байснаар зээлтэй хүмүүсийн банкны өр хувилагдан нэмэгдлээ. 

Гишүүдийнхээ цалин хөлс, нийгмийн баталгааны төлөө эцсээ хүртэл явахаа МБШУҮЭХ албан ёсоор мэдэгдье. Засгийн газар хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд тэмцэл хөдөлгөөнийг үргэлжлүүлнэ" гэв.