Энэ нь Монголын хөрөнгийн зах зээлд нэг удаагийн транчаар татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээгээрээ хамгийн өндөр дүнтэй түүхэн амжилт болж байна.
Тус ХБҮЦ-ны үндсэн андеррайтераар “Голомт Капитал” ҮЦК, туслах андеррайтераар “Инвескор Капитал” ҮЦК хамтран ажиллалаа.
InvesCore Growth хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хүү жилийн 18.5% байгаа нь 2025 оны 9-р сарын байдлаарх Монгол Банкны статистикийн дагуу арилжааны банкнуудын шинээр татаж буй төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүүтэй харьцуулахад татварын дараах байдлаар тооцвол 4.5 нэгжээр өндөр өгөөжтэй байна. 2024 - 2025 онд Монголын Хөрөнгийн Биржээр арилжаалагдсан ХБҮЦ-уудын дийлэнх хугацаа 24 сар байгаа бол InvesCore Growth нь 18 сарын хугацаатай байгаа нь бусад үнэт цааснуудаас богино хугацаатай байгаагаараа илүү онцлог давуу талтай хөрөнгө оруулагчдадаа санал болгогдсон.
Мөн хүүгийн төлбөр улирал тутамд төлөгдөж, 12 болон 18 дахь саруудад үндсэн төлбөрийг тэнцүү хуваан тус, тус төлөгдөх бөгөөд дахин хөрөнгө оруулалт хийх замаар бодит өгөөжийн түвшнээ нэмэгдүүлэх боломжтой. Нээлттэй хүрээнд санал болгож буй ХБҮЦ-ны хүүгийн орлогоос 5 хувийн татвар тооцож байгаа нь бодит өгөөжийн түвшнийг өндөр байлгахад нөлөөлж байгаа юм.
Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн нэг “Инвескор ББСБ” ХК нь уламжлалт банк бус санхүүгийн үйлчилгээнээс гадна финтек буюу технологид суурилсан санхүүгийн үйл ажиллагааг давхар амжилттай хэрэгжүүлж буйгаараа онцлог. Тус компани Төв Азийн бүс нутаг дахь үйл ажиллагаагаа тэлж, өнөөдрийн байдлаар Кыргызстан улсад 5, Казахстан улсад 1 салбартайгаар олон улсын зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлээд байна.
Мөн “MicroFinanza Rating” SRL олон улсын үнэлгээний байгууллагаас Монгол Улсад олгодог хамгийн өндөр түвшний “A” үнэлгээг дахин амжилттай баталгаажуулсан нь компанийн тогтвортой үйл ажиллагаа, засаглалын чанарыг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрч буйг илтгэж байна.
Түүнчлэн 2025 онд BlueOrchard Microfinance Fund (BOMF), Глобал Жендер-Смарт Сан, EMF Microfinance Fund, AgmvK (EMF) зэрэг олон улсын нэр хүндтэй хөгжлийн сангуудаас нийт 33 сая орчим ам.долларын санхүүжилт татан төвлөрүүлээд байгаа бөгөөд энэ нь Монголын санхүүгийн салбарт хүртээмжтэй санхүүжилтийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буйг салбарынхан онцолж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!