Уншиж байна ...

Газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах талаар “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн удирдлагуудтай Монголын тал харилцан тохиролцсон гэв

Н.Эрхбаяр, iKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд “Уул уурхайн салбарын 7 хоног” арга хэмжээ өнөөдөр зохион байгуулагдаж байна. 

Энэ үеэр Дорнод аймгийн нутаг дэвсгэрт орших Тамсагбулагийн сав газрын Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайд газрын тосны үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна дачин тамсаг” ХХК-тай холбоотой асуудлаар салбарын сайд нь сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

Уг асуудлыг эргэн сануулбал тус компанид Татварын ерөнхий газраас 2024 онд 436 тэрбум төгрөгийн акт тавьсан бөгөөд Үндэсний аудитын газраас 66.5 тэрбум төгрөгийн төлбөр ногдуулж байв. Мөн АМНАТ буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотой асуудлыг “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн удирдлагууд хүлээн зөвшөөрөөгүй юм. 

Тэгвэл энэ асуудлыг цаашдаа хэрхэн зохицуулах талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д айлчилж, хөрөнгө оруулагч талтай уулзалт хийсэн байна. 

Энэ талаараа тэрбээр "Манай улсад хамгийн том хэмжээний газрын тосны хайгуул олборлолтын үйл ажиллагаа явуулж буй компани бол “Петрочайна дачин тамсаг” юм. 

“Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон дэд ерөнхийлөгч нартай уулзаж, бидний хооронд үүсээд буй хууль буцаан хэрэглэх, зөрүү буруу ашиглахтай холбоотой үүссэн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар харилцан тохиролцсон. 

Мөн Дорноговь аймгийн Алтанширээ суманд бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг дотоодын тосоор хангах хэмжээний хайгуул, олборлолтын ажлыг нэмэгдүүлэх чиглэлээр харилцан тохиролцож, ажлын хэсэг байгуулсан. Ойрын үед тодорхой шийдлүүд гарна.

Урд хөршөөс авах газрын тосны бүтээгдэхүүнийг өсгөх, квоттой болгох, өрсөлдөхүйц үнэ тарифаар авдаг болох зохицуулалтыг хийх шийдэлд хүрсэн. Урт хугацааны гэрээ хэлэлцээр хийж хамтран ажиллана" гэлээ.