Уншиж байна ...

ИРГЭД: Ажлын байрандаа архидсан дарга нарт арга хэмжээ авахыг шаардаж байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Хөгжлийн Ерөнхий Газар (ХБХХЕГ)-ийн дарга нар архидан согтуурч, ажлаа цалгардуулсан талаар иргэд өнөөдөр сэтгүүлчдэд хандсан юм.

Энэ асуудлаар харааны бэрхшээлтэй иргэн Ш.Солонго "Би өнгөрсөн тав дахь өдөр буюу Баасан гарагт ХБХХЕГ-ын дарга Д.Гэрэлтэй 14:00 цагт уулзаад Тамгын газрын дарга Б.Хурцэцэгтэй уулзахаар өрөөнд нь очиход байгаагүй. Ингээд доошоо буутал дэд дарга н.Явуухулангийн өрөөнд бүх дарга нар байсан юм.

Тэр өдөр манай Дотоод Хяналт, Аудитын дарга н.Батмөнхийн төрсөн өдөр болж байсан юм билээ.

Цонхоор нь харахад тав, зургаан хүн бялуу хуваагаад сууж байсан. Цайныхаа цагаар нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэж байгаа юм байна гээд үүдэнд нь хүлээхээр шийдсэн. 

Сүүлдээ хүлээж ядаад хаалгыг нь тогшсон. Тусгай хэрэгцээт иргэд ийм хүртээмжгүй нийгэмд гадуур явж, асуудал хариуцсан дарга нартайгаа уулзахад амаргүй байдаг. Бараг хоёр цаг шахам хүлээгээд сүүлдээ цагдаа дуудсан. Хоёр цагдаа ирээд хаалгыг нь нүдсэн боловч онгойлгоогүй. 

Цагдаа нар хүчээр онгойлгох боломжгүй тул тэгсхийгээд явсан. Тэднийг явсны дараа сэргээн засахын н.Гантулга дарга тэргүүтэй гурван хүн өрөөнөөс гарч ирсэн. Тэр хүн их согтуу өрөөнөөс гарч ирээд зугтаасан.

Бид нар дарга нартайгаа л уулзаж, асуудлаа шийдүүлэх гэж л ирдэг хүмүүс. Энэ хүмүүс бол бидний төлөө ажиллах гэж энд байгаа. 

Б.Хурцэцэг дарга ёсзүйгүй байдлыг олон удаа давтаж байна. Өнгөрсөн жил бас энэ байгууллагадаа ажилладаг хөгжлийн бэрхшээлтэй мэргэжилтнүүдээ янз бүрээр хараагаад бид нар аргаа барсандаа хэвлэлийн хурал зохион байгуулж байсан. 

Яагаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах ёстой энэ байгууллага дотор эрх нь зөрчигдөөд байна вэ?

Ийм сэтгэлгүй дарга нар байгаа учраас л хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тулгамдсан асуудлууд орхигдож ирсэн. Бид энэ асуудлаар яаманд мэдэгддэг боловч харьяа байгууллагынхаа дарга нарыг тэд өмөөрдөг.

Тиймээс ажлын байрандаа архидаж согтуурдаг эдгээр дарга нарыг огцортол тэмцэх болно" гэв.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Иргэд зохих ёсны Яаманд нь мэдэгдэхэд "Асуудал үүсгээд байгаа Д.Гэрэлийг хална" гэдэг хариу өгсөн юм байна. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалдаг төрийн бус байгууллагууд ажлын байрандаа архидсан бүх дарга нарт арга хэмжээ авахыг шаардаж байгаа аж.