Энэ долоо хоногийн Мягмар гарагт (2026.01.20) Дулааны IV цахилгаан станц (ДЦС IV)-ын зуухын гадаргууд гэмтэл гарч, цахилгаан эрчим хүчний чадлын дутагдалд орсон.
Үүний улмаас өнөөдрийг хүртэлх дөрөв хоногийн хугацаанд нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 1-2 цагийн хугацаатай цахилгаан хязгаарласаар байгаа юм.
Зуухын гэмтлийн талаар "ДЦС IV"-ийн ээлжийн инженер Б.Энх-Оргилоос өнөөдөр тус станц дээр очиж тодруулга мэдээлэл авлаа.
Тэрбээр "Нэгдүгээр сарын 20-ны өглөөний 06:00 цагийн үед ДЦС-4-ийн наймдугаар зуухын халах гадаргуу дээр гэмтэл гарсан. Засварын ажиллагааг шуурхай зохион байгуулж, нэгдүгээр сарын 21-ний 09:45 цагт наймдугаар зуухыг уурын шугамд залгасан.
Одоогоор наймдугаар зуух цахилгаан, дулааны ачааллаа бүрэн аваад, үйл ажиллагаа хэвийн явж байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станц дээрх доголдол хэвийн болбол цахилгаан тасалдахгүй боломж бүрдэнэ. Манай станц дээр одоо ажиллаж байгаа найман зуухын 2-3 дээр нь жижиг гэмтэл байгаа.
Гэхдээ үйл ажиллагааг яаралтай зогсоож авах гэмтэл биш. Өвлийн ачааллыг давсны дараа хэрэглэгчдийн цахилгааныг хязгаарлахгүйгээр засвар үйлчилгээг хийнэ.
Энэ онд тусгагдсан төсвөөр станцын их, бага засвар үйлчилгээг найман зуух дээр хэсэгчилж хийж байгаа. Өндөр даралтын зуухнууд ашиглалтын явцад гэмтэхгүй гэсэн баталгаа байхгүй. Тиймээс халах гадаргуу дээр гарсан гэмтлүүдийг шуурхай засварлаж байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!