Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан борлуулах арга хэлбэрүүд хурдацтайгаар өөрчлөгдөж, нийгмийн бүхий л давхаргад хар тамхины хэрэглээ нэмэгдэж байгааг ЦЕГ-аас анхааруулав.
Мансууруулах бодис нь Үндэсний аюулгүй байдал, хүн амын удмын сан, эрүүл мэнд, амь нас, үндэсний язгуур эрх ашигт шууд сөргөөр нөлөөлж нийгэмд учрах хор уршгийг нэмэгдүүлдэг.
ДЭМБ-ын тооцооллоор 2025 онд 15–64 насны 100,000 хүн тутамд дунджаар 2,700 хүн хар тамхи хэрэглэдэг. Харин Монгол Улсын хувьд 30,000 далд хэрэглэгчтэй байж болзошгүй гэх статистик бий.
Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус хэрэглээ, хадгалалт, тээвэрлэлт, худалдаатай тэмцэх, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр нийслэлийн хэмжээнд төлөвлөгөөт болон гэнэтийн хяналт шалгалт, мөрдөн шалгах ажиллагааг тогтмол зохион байгуулж байна.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой аливаа хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй байх, энэ төрлийн бодисын хор хөнөөл, хууль зүйн хариуцлагыг ухамсарлан ойлгох, хүүхдийнхээ бие, эрүүл мэндэд тавих анхаарал, хараа хяналтаа сайжруулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!