Дундаж хэмжээний Америкийн хотоос ч цөөн хүн амтай, эдийн засаг нь Дани улсын татаасаас ихээхэн хамааралтай Гринланд арал геополитикийн "халуун цэг" болно гэдэг санаанд багтамгүй мэт. Гэвч ердөө 57,000 орчим оршин суугчтай, 3.3 тэрбум ам.долларын ДНБ-тэй Данийн харьяа энэхүү өөртөө засах бүс нутаг өнөөдөр дэлхийн хамгийн их яригддаг газруудын нэг болоод байна.
Ердийн газрын зураг дээр том гүрнүүд тодоор ялгардаг шиг Гринланд ч мөн адил маш чухал байр суурь эзэлдэг. Дэлхийн бөмбөрцгийн орой хэсэгт орших энэхүү нүсэр газар нутаг бараг Африкийн тивийн хэмжээтэй дүйцэхүйц харагддаг. Гэвч энэ бол ердөө 500 жилийн настай зураг зүйн төөрөгдөл юм.
1569 онд одоогийн Бельгийн зураг зүйч Жерардус Меркатор өнөөгийн сургуулийн анги танхим, атлас, тэр байтугай "Google Maps"-ийн стандарт болон ашиглагдаж буй дэлхийн газрын зургийн проекцыг (тусгаг) зохиожээ. Меркаторын тусгаг нь далайн тээвэр, замчлалд нэн шаардлагатай өнцөг болон дүрсийг хэвээр хадгалж чаддаг боловч нэгэн томоохон сул тал нь туйл руу ойртох тусам газар нутгийн хэмжээг хэтрүүлэн томруулж харуулдаг.
Үүний үр дүнд Гринланд арал Африк тивтэй бараг ижил хэмжээтэй харагддаг болсон. Гэвч бодит байдал дээр Африк тив Гринландаас 14 дахин том юм.
Уур амьсгал судлаач Нейл Кэй болон "Engaging Data"-гийн интерактив хэрэгслийн мэдээллээс харвал Гринланд бол дэлхий дээрх хамгийн их "томорч" харагддаг газар нутаг юм. Меркаторын зураг дээр харагдаж буй хэмжээ нь бодит байдлаас даруй 73.9%-иар томорсон хэлбэр ажээ. Манай Монгол улсын хувьд 31% томорсон байдлаар дүрслэгддэг юм байна.
#График 1. Меркатор тусгаг болон бодит хэмжээг харьцуулан хараарай. Улаанаар дүрслэгдсэн дүрс дээр дарж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. (engaging-data.com)
2020 онд "ISPRS International Journal of Geo-Information" сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар дэлхий даяар 130,000 гаруй хүнийг хамруулахад энэхүү гажуудал нь бидний газар зүйн ойлголтод шууд нөлөөлдөг болохыг тогтоожээ. Хүмүүс Гринланд, Канад, Орос зэрэг өндөр өргөргийн орнуудын хэмжээг хэт өндрөөр үнэлдэг бол экватор орчмын орнуудын хэмжээг дутуу үнэлэх хандлагатай байдаг. Өөрөөр хэлбэл, хэдэн арван жилийн турш Меркаторын зургийг харсаар бидний тархинд "орон зайн танин мэдэхүйн гажуудал" бий болсон гэсэн үг.
Хэдийгээр газрын зураг дээр хэтрүүлэгтэй харагддаг ч Гринланд тийм ч жижиг газар биш. 2.17 сая хавтгай дөрвөлжин километр хэмжээгээрээ Саудын Араб, Мексик, Индонез зэрэг орнуудаас том бөгөөд дэлхийн 12 дахь том нутаг дэвсгэрт тооцогдоно. Энэ бол дэлхийн хамгийн том арал бөгөөд Техас мужаас гурав дахин, Аляскаас 26%-иар том гэсэн үг юм.
Түүний байршил нь бүр ч их анхаарал татдаг. Гринландын баруун хойд хэсэгт орших "Thule" агаарын цэргийн бааз нь Вашингтон болон Москва хотуудын яг дунд оршдог нь Хүйтэн дайны үеэс хойш тус арлыг стратегийн асар өндөр ач холбогдолтой болгосон. Орчин үеийн хэт авианы пуужингийн эрин үе болон Арктикийн төлөөх өрсөлдөөн ширүүсэж буй энэ үед уг байршил улам бүр үнэ цэнтэй болж байна. Гринландын нийслэл "Nuuk" хотоос Вашингтон хүртэлх зай нь Копенхаген хүртэлх зайтай бараг ижил байдаг.
Тийм ээ, таны оюун санаан дахь дэлхийн зураг бага зэрэг "гажилттай" байж магадгүй. Гринландын бодит хэмжээ нь бидний харж дассан шиг тийм нүсэр биш юм.
Гэвч энэ нь дэлхийн хамгийн том арал хэвээр байгаа бөгөөд ховор металлын асар их нөөцтэй, геополитикийн тэмцлийн зангилаа цэгт оршиж буй төдийгүй уур амьсгалын өөрчлөлтийн улмаас мөсөн бүрхүүл нь багассаар байна. Меркаторын тусгаг Гринландын хэмжээг хэтрүүлсэн байж болох ч түүний стратегийн ач холбогдол бол ямар ч хэтрүүлэг биш юм.
Эх сурвалж: visualcapitalist.com, engaging-data.com
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!