Уншиж байна ...

2025 оны арванхоёрдугаар сард мөнгөний нийлүүлэлт 47.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 8.7 хувиар өсжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
36 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Мөнгөний нийлүүлэлт (M2) 2025 оны 12 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 47.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 3.8 (8.7%) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 4 (18.3%) их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн талаар Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

зураг
 

Бага мөнгө (M1) 2025 оны 12 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 11.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 460.2 (3.9%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх сараас 115.6 (1.0%) тэрбум төгрөгөөр өсжээ.

Бага мөнгө (M1)-ний 10.2 (91.1%) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 998.6 (8.9%) тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байна.

Бараг мөнгө 2025 оны 12 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 35.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 4.2 (13.4%) их наяд төгрөгөөр, өмнөх сараас 1.1 (3.3%) их наяд төгрөгөөр өсжээ. Бараг мөнгөний 26.0 (72.7%) их наяд төгрөг нь төгрөгийн хадгаламж, 5.6 (15.7%) их наяд төгрөг нь валютын хадгаламж, 4.2 (11.6%) их наяд төгрөг нь валютын харилцах байна.

зураг
 

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2025 оны 12 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 22.2 (1.8%) тэрбум төгрөгөөр, өмнөх сараас 36.7 (3.0%) тэрбум төгрөгөөр өсжээ.

Төгрөгийн хадгаламж 2025 оны 12 дугаар сарын эцэст 26.0 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 4.0 (18.3%) их наяд төгрөгөөр, өмнөх сараас 1.4 (5.5%) их наяд төгрөгөөр өсжээ.

Бага мөнгө (М1): Хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө болон төгрөгийн харилцах дансан дахь мөнгөний нийлбэрээр тодорхойлно.
Мөнгөний нийлүүлэлт /М2/: Хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө, төгрөгийн болон валютын харилцах, хадгаламж, цэвэршүүлсэн алтны харилцах, хадгаламжийн сертификатын нийлбэрээр тодорхойлно. Өөрөөр хэлбэл, бага мөнгө болон бараг мөнгөний нийлбэрээр тодорхойлно. Зөвхөн цэвэршүүлсэн алтны харилцах дансны үлдэгдлийг хамруулах бөгөөд бусад үнэт металлын харилцах дансны үлдэгдлийг хамруулахгүй.
Бараг мөнгө: Төгрөгийн болон гадаад валютын хадгаламж, валютын харилцах, цэвэршүүлсэн алтны харилцах, хадгаламжийн сертификатын нийлбэрээр тодорхойлно.