Уншиж байна ...

Багш нарын үндсэн цалинг 50 хувиар нэмснээр хамгийн ихдээ 4.7 сая төгрөгийн цалин авах боломжтойг салбарын яам нь мэдээлэв

А.Төгөлдөр, iKon.mn
2 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын болон ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтнуудын цалинг энэ оны нэгдүгээр сараас 50 хувиар нэмэхээр болсон.

Боловсролын яамнаас цалингийн задаргааг шинэ багш болон 20 жил ажиллаж буй багшаар жишээлэн танилцуулжээ. 

Сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэгийн багшийн цалингийн нэмэгдэл 

Яамнаас танилцуулснаар шинэ буюу нэг жилдээ ажиллаж буй багшийн үндсэн цалин 2025 оны нэгдүгээр сард 1,559,000 төгрөг байсан бол одоо 2,338,500 төгрөг болж нэмэгджээ. Үндсэн цалин дээр орон нутгийн нэмэгдэл болон бусад нэмэгдлээ тооцуулж, гүйцэтгэлийн үнэлгээгээр хамгийн өндөр үнэлэгдсэн тохиолдолд 3,078,119 төгрөгийн цалин авч байсан багш өнөөдөр 3,993,578 төгрөгийн цалин авна гэдэг тооцооллыг салбарын яам нь гаргасан байна. 

Мөн энэ тооцооллоор цэцэрлэгийн багшаар 20-оос дээш жил ажилласан хүн жилийн өмнө 3,623,769 төгрөгийн цалин авч байсан бол одоо 4,539,228 төгрөгийн цалин авах нь. 

зураг
 

Ерөнхий боловсролын сургуулийн багшийн цалингийн нэмэгдэл 

Харин ЕБС-д эхний жилдээ ажиллаж буй шинэ багшийн үндсэн цалин 1,484,000 байсан бөгөөд үүн дээр нэмэгдлүүдийг тооцож мөн тухайн багш гүйцэтгэлийн үнэлгээгээр хамгийн өндөр үнэлгээ авч байж 3,152,637 төгрөгийн цалин авдаг байж. Харин одоо 4,135,356 төгрөгийн цалин авна гэж тооцжээ. 

20-оос дээш жил ажилласан багшийн цалин 3,746,237 төгрөгөөс 4,728,956 төгрөг болж нэмэгдэнэ гэх тооцооллыг доорх зургаар харуулсан байна. 

зураг