Уншиж байна ...

"Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойн баярын цан цохих ёслол боллоо

Н.Эрхбаяр, iKon.mn
1 цаг 10 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

"Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойн баяр өнөөдөр (2026.01.19) тохиож байна.

Үүнтэй холбогдуулан Монголын Хөрөнгийн Биржид 35 жилийн ойн баярын ёслолын арга хэмжээ өнөөдөр зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээнд Сангийн яам, Аж Үйлдвэр, Эрдэс баялгийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, “Монголын хөрөнгийн бирж” ХК, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Санхүү, Эдийн засгийн их сургууль, Голомт банк, Хаан банк, Хас банк, Худалдаа Хөгжлийн банк зэрэг хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчид болон хамтран ажиллагч байгууллагуудын удирдлагууд, ахмадууд, үе үеийн албан хаагчдын төлөөлөл оролцсон юм.

Тэртээх 1991 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын өдрийн 22 тоот тогтоолоор Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн түүхэн үе шатанд өмч хувьчлалын ажлыг эхлүүлэх, цаашид үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх зорилгоор Монголын хөрөнгийн биржийг үүсгэн байгуулж байсан түүхтэй.

Засгийн газрын өмч хувьчлалын бодлогын хүрээнд 475 улсын үйлдвэрийн газрыг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэн, тэдгээрийн нийт 8.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 96.1 сая ширхэг хувьцааг МХБ-ээр дамжуулан иргэдэд хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр эзэмшүүлсний дүнд нийт хүн амын 52 орчим хувь буюу 1.2 сая хүн хувьцаа эзэмшигч болсон гэдэг. 

Тэгвэл 2025 оны байдлаар Монголын Хөрөнгийн Бирж нь нийт 850 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа гүйцэтгэж, зах зээлийн үнэлгээ 13 их наяд төгрөгт хүрсэн түүхэн амжилтыг үзүүлээд байна. 

"хөрөнгө оруулагчид Монголыг боломж гэж хардаг байсан бол ирээдүйд сонголт гэж хардаг түвшинд хүрнэ"

зураг
 

Өнөөдрийн ёслолын арга хэмжээний үеэр "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдөд хандан мэндчилгээ дэвшүүлэв.

Тэрбээр "Бид хөрвөх чадвар, шинэ бүтээгдэхүүн, ил тод засаглал, технологи ба алсын удирдлага, олон улсын хөрөнгийн урсгалыг татах гэсэн таван үндсэн чиглэл бүхийн хөгжлийн стратегийг тодорхойлж байна. Ингэснээр Монголын Хөрөнгийн Бирж бүс нутгийн хэмжээнд итгэл дээр суурилсан зах зээлийн дэд бүтцийн байгууллага болон төлөвшиж, хөрөнгө оруулагчид Монголыг боломж гэж хардаг байсан бол ирээдүйд сонголт гэж хардаг түвшинд хүрнэ. Салбарт гар бий оролцсон хүн бүрд талархал илэрхийлье.

Мөн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль 2022 онд гарснаас хойш биет хэмжээгээр 68 сая тонн бүтээгдэхүүн арилжаалаад байна. Худалдан авагч тал нь 5-6 гадаад улс оронд бүртгэлтэй 576 аж ахуйн нэгж манай системд бүртгэлтэй байна. Цаашдаа уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг зохион байгуулахад худалдан авагч болон худалдагчийн эрх ашгийг хамгаалах харилцан тэгш эрхтэй арилжаанд оролцоход анхаарч ажиллана.

Монголын Хөрөнгийн Бирж нь олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгааны чиглэлээр тэргүүлэгч Их Британийн FTSE Russell группээс 2022 оны 9-р сарын 29-ний өдөр Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг FTSE Russell-ийн “Хөгжиж буй” (Frontier Market) зах зээлийн зэрэглэлийн шалгуурыг бүрэн хангасан тул 2023 оны 9 дүгээр сараас эхлэн тус ангилалд оруулахыг зөвшөөрсөн юм.

Төрийн өмчийн хувьчлалын ил тод, нээлттэй байдлаар биржээр дамжуулах боломжийг бий болгон, "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь нийт хувьцааныхаа 34 хувийг олон нийтэд санал болгосон" гэв.

35 жилийн ойг тохиолдуулан биржийн түүхэн барилгад дурсгалын самбар босголоо

зураг
 
Монголын Хөрөнгийн Биржийн барилга нь Улаанбаатар хотын төв хэсгийг шинэчлэн байгуулах төлөвлөгөөний хүрээнд 1948 оны 7 дугаар сарын 8-нд хүүхдийн кино театрын зориулалтаар баригдан ашиглалтад орсон бөгөөд Монгол Улсын түүх, соёлын үнэт өвд хамаарах түүхэн дурсгалт барилга бөгөөд улмаар 1991 оны 5 дугаар сарын 2-ны Ардын Их Хурлын өдрийн 130 дугаар тогтоолоор энэхүү барилгыг Монголын хөрөнгийн биржийн эзэмшилд албан ёсоор шилжүүлсэн түүхтэй.
Байгууллагын 35 жилийн ойд зориулан бүтээж буй энэхүү дурсгалын самбар нь Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн эхлэл, түүхэн замнал, үнэт өвийг олон нийтэд таниулан сурталчлах, түүхэн үнэ цэнийг бататган үлдээх зорилготой юм.

"Өнөөдөр бол хувьцаа авсан Монгол Улсын иргэн бүрийн баярын өдөр шүү гэж хэлмээр байна"

зураг
 

Үргэлжлүүлэн Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав "Монголчууд зах зээлд хоёр замаар орсны нэг нь Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулж ягаан цэнхэр тасалбар авсан. Социалист нийгмийн өмчийг хувааж авах үйл явцад Монголын Хөрөнгийн бирж байгуулагдан түүхэн үүргээ гүйцэтгэж байлаа. Энэ үед аж ахуйн нэгжүүд 0-ээс эхэлж байсан бөгөөд 35 жилийн хугацаанд хувьцаат компаниуд маш олон нэмэгдсэн байна.

2009 онд Оюутолгойн гэрээ зурах үед Хөрөнгийн бирж дээр тухайн компанийн 10 хувийг борлуулах Ашигт малтмалын тухай хуулийн тавдугаар заалт байсан. Үүнийг үндэслээд гадаад дотоодын маш олон биржүүд байгуулагдаж байсан ч тухайн үед хэрэгжээгүй. Дараа нь 1,072 хувьцаа гаргаж, иргэдэд газрын хэвлийн баялгийг дахин хүртээх ажил өрнөх үед Монголын Хөрөнгийн бирж том үйл явцын гол механизм болж оролцож байлаа.

Монгол Улсын 2.3 сая иргэн 1,072 хувьцааны эзэн болсон. Гэхдээ энэ ажлаа төгс хийж амжаагүй байгаа ч газрын хэвлийн баялгийг үнэ цэнд хүргэж, Монголын Хөрөнгийн биржийн механизмыг ашиглан дэлхийн зах зээл дээр гарах үйл явц маш чухал байна. Өнөөдөр хувийн биржүүд гарч ирж байгаа учраас өрсөлдөөн маш сайн бий болно.

Мөн төрийн өмчит компаниудыг хувьцаат компани болгох үйл явц өрнөж байна. Гэхдээ бид 1991, 1997 оны хөдөлмөрийн хамт олныг тараагаад байшин зардаг алдаанаасаа сэргийлж, бий болсон хамт олныг дараагийн зах зээл, технологи, менежментийн хөрөнгийн оруулалтын хувьд шинэ шатанд гаргах үйл явц өрнөж байгаа. Үүнд Монголын Хөрөнгийн бирж дахин том сорилын өмнө байгаа гэж бодож байна. Өнөөдөр бол хувьцаа авсан Монгол Улсын иргэн бүрийн баярын өдөр шүү гэж хэлмээр байна. Иргэн бүрийн хувьцаа, үнэ цэнтэй алтан хувьцаа байх болтугай гэж хүсье" гэв.

ФОТО: