"Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай" зарлигт гарын үсэг зурах ёслол Төрийн ордонд боллоо.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргав.
Тэрбээр "Монголын уламжлалт анагаах ухаан 5,000 гаруй жилийн тэртээ үүсэн хөгжсөн түүхтэй.
Эзэн Богд Чингис хааны алтан ургийн Ламын гэгээн, оточ Лувсанданзанжанцан 1681 онд тэжээхүй ухааны эмч, маарамба бэлтгэх анхны дэг сургууль байгуулж, сургалтын болон эмчилгээний гарын авлага туурвин хэрэглэж эхэлсэн.
Өнгөрсөн 300 гаруй жилийн хугацаанд үе үеийн оточ нар уламжлалт анагаах ухааны онол, мэдлэгийг өвлүүлэн хөгжүүлж, түгээн дэлгэрүүлж ирсэн бөгөөд өнөө цагт ч уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтнүүд ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулсаар байна.
Уламжлалт анагаах ухааны олон зуун эмч, мэргэжилтэн дэлхийн улс орнуудад, ялангуяа Бүгд Найрамдах Польш Улсад оношилгоо, эмчилгээг чанартай сайн гүйцэтгэж, уламжлалт анагаах ухааны ололт, амжилтыг түгээн дэлгэрүүлж байгааг хэлэхэд таатай байна" гэв.
Уламжлалт анагаах ухааны онол, арга зүйд тулгуурлан иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилго бүхий “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” гарган хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт зарлигаар чиглэл болгосон юм.
Энэ хүрээнд:
Ерөнхийлөгч мөн уламжлалт анагаах ухааны үнэт зүйл, өв соёлыг эрхэмлэн хамгаалах, судлан шинжлэх, гүнзгийрүүлэн хөгжүүлэх, сурталчлан таниулах, уламжлалт мэдлэгт суурилсан эрүүл аж төрөх ёсыг түгээн дэлгэрүүлэхийг эрүүл мэнд, боловсрол, эрдэм шинжилгээний байгууллага, хамт олон, эрдэмтэн судлаачдад уриалав.
Өдгөө уламжлалт анагаах ухааны салбарт хэвтэн эмчлүүлэх 44,000 гаруй ор бүхий 80 гаруй эмнэлэгт 1,277 эмч, 457 сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн ажилладаг.
Мөн 200 гаруй эрдэм шинжилгээний ажилтан, эмч мэргэжилтэн бэлтгэх зургаан их сургууль, эмийн зургаан үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!